520 мянган төгрөгийн хохирогч: Зуухгүй өвөлжихөөр болчихлоо

Залилагч этгээдүүд хүний тухайн үеийн хэрэгцээ шаардлага дээр дөрөөлж гэмт хэрэг үйлдэж байна. 

Намрын улиралд орон байрны түрээсийн залилан хамгийн их үйлдэгддэг бол өвлийн улиралд “шахмал түлш”, “зуух зарна” гэх мэтчилэн зарыг цахим орчинд түгээж иргэдийг хохироож буй асуудлууд гарч байна. 

Тухайлбал өчигдөр 18:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн иргэн “Турк болон Дөл зуух худалдаа” гэх Фэйсбүүк хуудаст хандаж, зуух захиалаад хохирчээ. 

Тэрбээр урьдчилгаа 520 мянган төгрөгийг шилжүүлсэн бөгөөд мөнгөө хийсний дараа харилцагч этгээд холбоогүй болсон тухай хэлж байлаа. 

Өвлийн бэлтгэлээ хангаж шинэ зуух авахаар төлөвлөсөн ч цахим залилангийн хохирогч болсон талаараа иргэн Н.Н нэрээ нууцлан дараах ярилцлагыг өглөө. 



-Зуух худалдаж авахаар Фэйсбүүк зарын дагуу холбогдож, хохирсон гэсэн үү. Энэ асуудлаар цагдаад хандсан уу? 

-“Зуух центр/ Турк өлзий зуух” зарна гэсэн нэртэй пэйж рүү чат бичиж холбогдоод өчигдөрхөн залилуулсан.

Анх залилан гэж ерөөсөө бодоогүй. Өмнө нь хотоос хүүхдэдээ хувцас захиалахад хүргэлтээр зүгээр л хүрээд ирдэг байсан. Тиймээс итгэсэн юм аа. 

Тэр зуух худалдааны пэйжийг яг албан ёсны хуудастай нь адилаар зураг, мэдээллийг нь дуурайж хөтөлснийг сүүлд л анзаарсан.  

Би эхлээд сумынхаа цагдаад хандахад “Суманд тийм хэргийг мөрдөхгүй ээ. Аймаг руугаа өгдөг” гэсэн. Одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй байна.

Хүүхдээ хараад гэртээ байгаа хүн луйвар залилангийн мэдээллээс хол байдаг.

-Урьдчилж мөнгөө шилжүүлэх нь эрсдэлтэй тухай бодсон уу?

-Ёстой тэгж бодсонгүй. Урьд нь албан ёсны хуудсыг нь байнга хардаг байсан болохоор итгэсэн. Яг албан пэйжтэй нь адилхан болохоор мэдсэнгүй шууд итгээд мөнгөө шилжүүлчихлээ. 

Тэр зуух хямдраад 450 мянган төгрөгийн үнэтэй болчихсон байхаар нь… 

-Хэдээс хэдэн төгрөг болж үнэ нь хямдарсан юм бэ? 

-Албан ёсны хуудсан дээрээ тэр зуух 1,100,000-1,200,000 төгрөгийн үнэ ханштай байсан.

Тэгтэл коммент доор 450 мянга гээд бичээд ороод ирэхээр нь сонирхоод холбогдсон гэсэн үг. Яагаад ингэж хямдарсан шалтгааныг нь асуухад жижиг 40 метр квадрат талбайг халаах учраас 450 мянган төгрөг болно гэсэн.

Нэмээд өр шал буюу буюу зуух тавьдаг тавиур 70 мянган төгрөгөөр авахаар шилжүүлээд байхгүй. Тэр онлайн дэлгүүрээс хүргэлтийн ажилтныхаа дугаарыг өгсөн. 

График: Цахим залилангийн үйлдлийн арга (2024, 2025 оны эхний есөн сар)

-Тухайн онлайн дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг сайтар нягтлаагүй юу. Ер нь хэдэн дагагчтай байсан юм бол?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 26,000 дагагчтай дэлгүүр юм билээ. Туркээс зуух оруулж ирдэг.

Хуурамч пэйжийг нь сүүлд харахад 61 дагагчтай байсан. 

“Зуух монгол тайлбартай очно, найдвартай хүргэж өгнө” гээд их л сайхан ааштай. Мөнгө төгрөгийг нь явуулсны дараа хуулганы зураг дээр зүрх дарсан. 

Тэгээд мөнгөө шилжүүлээд авах болсон чинь байдаггүй. Пэйж рүү нь чат бичихэд ямар ч холбоо байхгүй. Сүүлд харахад намайг блок хийсэн байна билээ.

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

-Энэ асуудлаар холбогдох банкны ажилтантай очиж уулзсан уу. Дансыг нь барилт хийх боломжийг асуусан уу? 

-Банкны ажилтантай сая холбогдлоо. Би Хаан банкны хэрэглэгч, сая мөнгөө луйвардуулчихлаа гэсэн чинь “Манайх одоо ямар ч арга хэмжээ авч чадахгүй ээ. Тэгэхээр та цагдаад л ханд” гэсэн.

Магадгүй өөр хүний данс руу мөнгө андуураад хийсэн ч банкнаас ямар ч арга хэмжээ авах боломжгүй гэсэн. 

Нэгэнт гүйлгээ хийсэн учраас өөр хүний данснаас буцаалт хийх боломжгүй юм байна. Цагдаа, банк аль аль руу нь яриад бүтээгүй. 

-Цагдаад өргөдөл, гомдлоо гаргалаа гэхэд залилуулсан мөнгөө буцааж олж авч чадах болов уу?

-Ер нь арга байхгүй гэсэн. Мөнгө нь олддоггүй. Зарим тохиолдолд бүр луйвар хийсэн хүн нь ч олддоггүй гэж байна.

Хоёр гурван сар ганц хоёр мэдүүлэг аваад таван сарын дараа хэргийг нь хаачихдаг гэнэ. Хэрэг нь илрээгүй удсан гэдэг шалтгаанаар.

-Өмнө нь ямар нэгэн бараа үйлчилгээг онлайнаар захиалж авч байсан уу?

-Онлайнаар захиалахад зүгээр л ирдэг байсан. Ялгаагүй унаа тээшинд тавиад л явуулах юм бодсон.

-Зуух авах гээд мөнгөө шилжүүлээд хохирчихлоо. Одоо сумын төвөөсөө зуух худалдаж авах уу? 

-Зуух авахгүй ээ. Энгийн зуухаараа л өвөлжинө. Нялх хүүхэдтэй болохоор халуунаа удаан барьдаг зуух авъя гэж бодсон юм.

Цахимаар бараа захиалбал дэмий юм байна.

More From Author

ЖДҮ дэмжих шинэ шат: “БИЧИЛ ГЛОБУС” ББСБ-ын санаачилга Улаанбаатарт эхэллээ!

Эрүүл мэндийн салбарынхан ажлаа хаяхгүй болсныг ЭМЯ-аас мэдэгдэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн