ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс CU & GS25 брэндүүд хамтран “Өдөр бүр анхаарч хайрлая” буюу 365 аяныг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
CU конвиниенс дэлгүүр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийгэмд эерэг өөрчлөлт авчрах олон санаачилгыг дэвшүүлж, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлж ирсэн. Хүүхэд хамгааллын чиглэлээр CU брэнд Цагдаагийн байгууллагатай 2021 оноос эхлэн тогтмол хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “CU чамд тусалъя” үйл ажиллагааг хэрэгжүүлж, эцэг эхээсээ төөрсөн хүүхдийг аюулгүй хамгаалан, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх тогтолцоог бүрдүүлсэн. Мөн цагдаагийн 102 апп-ээр дамжуулан сураггүй алга болсон 14 хүртэлх насны хүүхдүүдийн мэдээллийг бүх салбар дэлгүүрийн дэлгэцээр түгээж, мэдээллийг олон нийтэд түргэн, үр дүнтэй хүргэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Тэгвэл энэ удаагийн “365 – Өдөр бүр анхаарч хайрлая” аяны хүрээнд CU брэнд өсвөр үеийнхнийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөг таниулан сурталчлах ажилд идэвхтэй оролцоно.
Өсвөр үеийн хорт зуршлын хэрэглээг бууруулах зорилгын хүрээнд CU конвиниенс дэлгүүр насны хязгаарлалттай бүтээгдэхүүн борлуулах үедээ чанга яригчаар автомат сануулга өгөх шийдлийг бүх салбарт нэвтрүүлсэн.
Энэхүү шийдэл нь хэрэглэгч бүрд иргэний үнэмлэхээ шалгуулах шаардлагыг ил тод, ойлгомжтой хүргэж, олон нийтийн оролцоотой хяналтын шинэ соёлыг бий болгож байна. Ингэснээр худалдааны хяналтын бодит үр нөлөө дээшилж, өсвөр насныхны хорт зуршилтай тэмцэхэд шууд нөлөөлж байна.
Энэхүү жишгийг жижиглэн худалдааны бүх цэгүүдэд нэвтрүүлэх, иргэний бичиг баримтыг тогтмол шалган худалдаа хийхийг салбарын нийтлэг стандарт болгох нь худалдааны хяналтыг хэрэгжүүлэх хамгийн бодит алхам болно гэж үзэж байна.
Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийн хорт зуршлын хэрэглээг бодитойгоор бууруулах бүрэн боломжтой төдийгүй, хууль хэрэгжихгүй байгаа гэх олон нийтийн ойлголтыг өөрчлөхүйц үр дүнтэй шийдэл болохыг Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.