ФОТО: “Үндэсний Номын Санд хадгалагдаж буй гэрийн үеийн 170 орчим бичмэлийн 49 нь эхний ботид багтлаа”

Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Үндэсний Төв Номын сан хамтран монголчуудын овог, угсаа язгуураа үнэн зөвөөр танин мэдэхэд чухал ач холбогдолтой ажлыг 2023 онд эхлүүлжээ.

Тодруулбал тус хоёр байгууллага гэрийн үеийн бичмэлийг цуврал болгон гаргахаар зорьж, эхний ботио өнөөдөр уншигч түмэндээ хүргэхээр албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав. Монгол тольд тайлбарласнаар “Гэрийн үеийн бичмэл гэдэг нь өөрсдийн овог, угсаа язгуур, үе залгамжаа үр хойчистоо мэдүүлэхийн тулд бичгээр хөтлөн уламжилсныг хэлнэ” гэжээ. Угийн бичиг нь овог нийтийн түүхийн тэмдэглэл байсан бол гэрийн үеийн бичмэл буюу гэрийн түүх нь нэгэн өрхөөс гаралтай хэсэг хүний тэмдэглэл байсан аж.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаач доктор Ц.Энхчимэг “Тайж ноёдоос гадна эгэл жирийн иргэд долоон үеийнхээ уг эхийг хэрхэн гаргаж ирэх вэ гэдэг нь асуудал тулгарч байна. ХХ зууны эхээс Монголын хүн амын тооллогын данс бүртгэл байдаг. Иймд өнөөдөр эхэллээ гэхэд 100 жилийн, 3-4 үеийн өвөг дээдсийнхээ нэрсийг гаргаж ирэх боломжтой. Гэрийн үеийн бичмэл нь эцгийн талаа баримталсан байгаа. Харин ХХ зууны хүн амын тооллогоос элэнц эмээ, элэнц өвөөгийнхөө мэдээллийг гаргаж болохоороо давуу талтай. Ингэж 3-4 үеэ мэдэж авахад 20-30 жилийн дараа гэхэд 6-7 үеийнхээ мэдээллийг бүрэн гаргах боломжтой гэж судлаачид тооцоолсон” гэлээ.

Үндэсний Төв Номын Санд 170 орчим гэрийн үеийн бичмэл байдаг бөгөөд эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” номд 49 нь багтсан байна. Мөн дараагийн ботийг хэвлэхэд бэлэн болжээ. Тус номын сангийн менежер С.Чулуунпүрэв “Номыг бүтээхдээ зургийг өндөр чанартай сканнердаж бэлэн болгосны дараа маягтын дагуу бичвэрээ боловсруулж, бүрэн хөрвүүлгийг хийсэн. Гэрийн үеийн бичмэлүүд дунд нэг нүүртэй ч бий, 100 нүүртэй ч байгаа. Нүсэр том ажлын ард гарсан хүмүүстээ талархал илэрхийлье. Цаашид Сэцэн Хан аймаг, Сайн Ноён Хан аймаг, Харьяат тайж нар гэх зэргээр таван боть болон гарна” гэсэн юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр энэхүү ажилд гар бие оролцсон судлаачид, сан хөмрөгч нартаа эхний ботийн дээжийг гардууллаа.

ФОТО:

More From Author

Премиум Нэксус ХК – CU брэнд “365 анхаарч хайрлая” аяныг ЦЕГ-тай хамтран эхлүүллээ

Гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийг бүх шатны сургуулийн биеийн тамирын хичээлд багтаах санаачилгыг дэмжинэ гэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн