Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 2026 онд хуваарилагдах төсвийг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн есөн дүүрэгт бүрэн хуваарилан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй байгаа төсөл, арга хэмжээнд зарцуулах юм.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Цаашид аливаа төсөл, барилга байгууламжийг хэрэгжүүлэхдээ тооцоололтой байж, хүн ам яаж өсөж, эрэлт хэрхэн нэмэгдэх вэ гэдгийг анхаарах ёстой. Техник технологи хөгжсөн үед хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ухаалгаар зардал болон хүн цагаа хэмнэх хэрэгтэй. Нийслэлээс энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан.
Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Борооны ус зайлуулах хоолойн лаг хагшаасыг цэвэрлэдэг шинэ техник хэрэгслийг ирэх онд авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр цэвэрлэх гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ.
Энхтайвны өргөн чөлөө, Их, Бага тойруу гээд томоохон гудамжны явган хүний замыг шинэчлэх ажлыг өнөө жил бүхэлд нь эхлүүлсэн ч дуусгаж амжсангүй. Бид уг ажлыг гүйцэтгүүлэхээр шалгаруулалт зарлахдаа үнийн дүн, аж ахуйн нэгжийн хүн хүчний асуудалд алдаа гаргасан тал бий. Тодруулж хэлбэл бидний санал болгосон үнэ аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татаж чадаагүйн дээр аж ахуйн нэгжүүдийн хүн хүчний нөхцөл тун тааруу байлаа. Хотын хэмжээнд ердөө 100 орчим хүн л явган хүний зам дээр ажилласан байна. Цаашид явган хүний замын шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, тарифыг өрсөлдөхүйц, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татахуйц болгож, ажлыг яаравчилна.
Мөн дугуйн болон явган замыг илүү хүртээмжтэй, тасалдахгүй үргэлжилдэг сүлжээ болгох чиглэлд анхаарна. Түрээсийн скүүтер, мопедийг явган хүний замаар явуулахгүй байх зохицуулалт хийнэ” гэв.
Татварын тухайд “Улаанбаатар хотод зам, барилга олноор баригдаж байна. Энэ болгонд хайрга, дайрга, элс, хар шороо хэрэглэдэг. Гэтэл нийлүүлж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалд 6.1 тэрбум төгрөгийн байгалийн нөөц ашигласны татвар төлөгдсөн байна. Бид байгалийн нөөц ашигласны татвараа гүйцэд хурааж авч чадахгүй байна. Үл хөдлөхийн татвар төлдөггүй, газрын төлбөр төлдөггүй хувь хүн, ААН байдаг. Үүнийг цэгцлэх ёстой” гээд эдгээр асуудлыг шийдэх байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулж, нуугдмал татваруудыг ил болгохыг үүрэг болгожээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс