41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил сүмогийн Дээд зиндаанд 700 ялалт байгуулав

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн үргэлжилж байна.

Өнөөдөр тэмцээний 12 дахь өдрийн байдлаар Дээд зиндаанд гурван бөх 10:2 амжилттайгаар хошуучилж байна. Сүүлийн хоёр өдөр дараалан бүдэрсэн ёкозүна Оносато секивакэ Охог давсан бол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн комүсүби Такаясүг яллаа.

Түүнчлэн украин сүмоч секивакэ Аонишики Ошома П.Дэлгэрбаярыг давснаар хоёр их аваргатай ижил амжилттай явна.

Тэмцээний 13 дахь өдөр тэргүүлэгчдийн хоёр нь хоорондоо хүч үзнэ. Тодруулбал ёкозүна Оносато, секивакэ Аонишики нар оноолт таарсан аж.

Харин С.Бямбасүрэн озеки Котозакүратай хүч үзэх юм.

Маэгаширагийн №4т жагсаж буй 41 настай ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил сүүлийн таван өдөр дараалан унасны эцэст Таканошогоор тав дахь даваагаа авлаа. Ингэснээр тэрбээр дээд зиндаанд 700 ялалт байгуулсан 11 дэх сүмоч болов.

Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Б.Мөнх-Оргил замналдаа 883 ялж, 863 ялагдсан үзүүлэлттэй бол макүүчи буюу Дээд зиндаанд 700 даваа, 750 унаатай юм.

Сонирхуулахад Дээд зиндаанд хамгийн олон давсан бөх бол их аварга Хакүхо М.Даваажаргал. Тэрбээр 1,093 даваагаар дээд амжилт эзэмшдэг билээ.

More From Author

16 настай охиныг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн цагдан хориог сунгажээ

ФОТО: МАН-ын даргаар сонгогдсоноос хойш таван өдрийн дараа УИХ-ын дарга болсон Н.Учралын баярт мөч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн