Украин улс түүхэндээ хамгийн хүнд хэцүү мөчүүдийн нэгтэй тулгараад буйг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн боловсруулсан “энхийн төлөвлөгөө” гэгчийг долоо хоногийн дотор хүлээн зөвшөөрөхийг Украины эрх баригчдад тулган шаардсан байна.
Уг төлөвлөгөөнд газар нутгаа Орос улсад алдах зэрэг өөр бусад хүнд хэцүү бууж өгөх нөхцөлүүдийг тусгажээ.
Баасан гарагт Трамп хэлэхдээ ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу АНУ-д талархлын баяр тэмдэглэх өдрийг Зеленскийд гарын үсэг зурах сүүлчийн хугацаа болгон өгч байгаагаа мэдэгдсэн байна.
Өчигдөр ордныхоо гадаа 10 минут үг хэлэхдээ Зеленский улс орон нь хүлээж авах боломжгүй сонголтын өмнө ирээд байгааг мэдэгджээ.
Энэ нь үндэсний нэр төрөө хадгалж үлдэх, эсвэл Москвагийн харгис нөхцөлөөр мөргөлдөөнийг зогсоох хүсэлтэй байгаа АНУ гэх том түншээ алдах хоёрын аль нэг болоод буйг тэр хэлсэн байна.
“Одоо Украин улс хамгийн хүнд дарамтуудын нэгийг амсаж байна” гэж хэлсэн Зеленский нэг бол Трампын 28 зүйлтэй саналыг хүлээн зөвшөөрөх, эсвэл маш хүнд өвлийг даван туулах хоёр сонголтын өмнө ирээд буйг тайлбарлажээ.
Хэрвээ АНУ-Оросын тохиролцсон төлөвлөгөөг дагавал Украин “эрх чөлөө, нэр хүнд, шударга ёсгүй” үлдэж болзошгүйг тэр хэлсэн юм.
Энэ нь “бидэнд хоёр удаа халдан довтолсон этгээдэд итгэх гэсэн үг юм“ гэж тэр хэлжээ.
Гэхдээ Зеленский улс орныхоо эрх ашгийг золиосолж, үндсэн хуулийнхаа эсрэг зүйл хийхгүйг энэ үеэр мэдэгдсэн байна.
“Бид тэр үед (2022 онд) Украинаас урваагүй, одоо ч урвахгүй” гэж тэр хэлжээ.
АНУ-ын эх сурвалжуудын мэдээлснээр Донбассын бүс нутгийг бүхэлд нь Орос улсад өгөх нь төлөвлөгөөний гол нөхцөл бөгөөд Зеленский хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Трамп тусламж дэмжлэгээ зогсоох зэргээр урьд өмнө байгаагүй шахалтыг Украины талд үзүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
28 зүйлт төлөвлөгөөнд бас Украин улс армийнхаа хэмжээг багасгах, Европын энхийг сахиулагчдыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, алсын тусгалын зэвсгээсээ татгалзах, НАТО-д элсэх санаагаа орхих зэрэг нөхцөлүүд тусгасан байна.
Өчигдөр Зеленский төлөвлөгөөний талаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй нэг цагийн турш утсаар ярилцжээ.
Талууд үүний дараа төлөвлөгөөний нөхцөлүүдийг нарийвчлан хэлэлцэх ажилд тус тусын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийг томилсон байна.
Өчигдөр бас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер зэрэг Өрнөдийн удирдагчид Зеленскийтэй утсаар ярьж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлцгээжээ.
Тэд мөргөлдөөнийг зогсоох ямар ч энхийн гэрээ Украины эрх ашгийг харгалзан үзэх ёстойг энэ үеэр мэдэгдсэн байна.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас түрэмгийллийг урамшуулах энхийн гэрээ нь дэлхий дахинд маш аюултай жишиг тогтоохыг анхааруулжээ.
Өчигдөр хэлсэн үгэндээ Зеленский “бараг дөрвөн жилийн турш эзлэн түрэмгийллийн эсрэг зоригтой зогссон украинчуудад” хүндэтгэл үзүүлсэн юм.
Гэвч ийм баатарлаг үйлсээс үл хамааран буулт хийх шаардлага тулгарч болзошгүй гэх санааг тэр бас цухуйлгасан байна.
“Манай ард түмэн энэ дайныг дуусгахыг үнэхээр их хүсэж байгаа. Мэдээж бид хүчтэй, гэхдээ хамгийн хатуу металл ч эвдэрдэг. Үүнийг бүү мартаарай” гэж Зеленский хэлжээ.
Тэрбээр Вашингтонтой “өөр хувилбаруудыг санал болгож”, тайван, бүтээлч ажиллахаа энэ үеэр амласан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын төлөвлөгөөний хуулбарыг хүлээж авснаа мэдэгдээд энэ нь дайныг дуусгах “суурийг тавьж чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Гэхдээ Кремлийн нэг эх сурвалжийн мэдээлснээр Путин төлөвлөгөөг ерөнхийд нь таалсан ч зарим шаардлагуудыг хангаагүй гэж үзэж буй гэнэ.
Тухайлбал НАТО дорно зүгт тэлэхгүй гэсэн хууль ёсны баталгаа, төвийг сахисан статусыг Украины үндсэн хуульд тусгах зэрэг үүнд орж байгаа бололтой.
Трампын төлөвлөгөөг Украины нийгэм маш сөрөг сэтгэгдэлтэй хүлээн авч, иргэд үүнийг зөвхөн нэг талыг баримталсан, бууж өгснөөс ялгаагүй зүйл гэж үзэж байна.
Европын судлаачид, улс төрийн тоймчид ч бас тун таагүй хүлээж авсан юм. Тухайлбал Брүүкингс Хүрээлэнгийн судлаач Констанц Стелценмюллер уг төлөвлөгөөг “аймшигтай”, агуулга нь “жигшмээр” гэж мэдэгджээ.
Хэрвээ энэ төлөвлөгөө батлагдвал Орос улс “Европын хамгийн том араатан” болж, “дипломат ёс бүрэн устах” аюултайг тэр анхааруулсан байна.
Эх сурвалж: Associated Press