Өмнөд Солонгосын цагдаа аяллын хөлөг хад мөргөх үед өөр зүйлд анхаарч байсан далайчдыг баривчлах хүсэлт гаргажээ

Лхагва гарагийн орой Өмнөд Солонгосын баруун өмнөд эргийн ойролцоо зорчиж байсан аяллын хөлөг онгоц элгээрээ хад мөргөж, хайргадсаны улмаас нийт 267 хүнийг эрэг рүү нүүлгэн шилжүүлж байсан билээ.

Уг ослын үеэр хүний амь нас эрстээгүй ч 20 гаруй хүн хөнгөн бэртсэн юм.

Тэгвэл уг ослыг мөрдөж буй цагдаагийн албаныхан хөлгийн ахмад болон жолоодлого хариуцсан ажилтан хоёрыг баривчлах хүсэлтээ өчигдөр гаргажээ. Тэднийг хөлгийг хад мөргөх үеэр анхаарлаа өөр зүйлд хандуулж, ноцтой хайхрамжгүй үйлдэл гаргасанд сэжиглэж байгаа юм байна.

26,546 тонн жинтэй, 246 зорчигч, 21 багийн гишүүнтэй “Queen Jenuvia II” хөлөг Сөүл хотоос өмнө зүгт 366 км зайд Өмнөд Жолла мужийн Шинан дүүргийн эргийн орчимд хүнгүй арлын дэргэд гацаад байгаа.

Хөлөг одоогоор живэх болон хөмрөх эрсдэлгүй байгаа ба эргийн хамгаалалтын албаныхан далайн түрлэг нэмэгдэх үед хөдөлгөх төлөвлөгөөтэй байна.

зураг
 

Баривчлагдах болсон далайчдыг ослын газраас 1,600 метрийн зайд чиглэлээ өөрчлөх ёстой байсан ч тэгээгүй гэж буруутгаж байгаа гэнэ.

Энэ үеэр тэдний нэгийг гар утас руугаа харж байсан байх магадлалтай гэж сэжиглэжээ.

Хэрвээ тэдний хайхрамжгүй үйлдэл гаргасан нь батлагдвал Далайд Зорчигчдын Тухай хууль зөрчсөн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.

“Queen Jenuvia II” хөлөг осолдохоосоо өмнө Чэжү арлаас хөдөлсний дараа Мокпо боомтыг чиглэн аялж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

More From Author

Украин улс АНУ-ын шахалтаар маш хүнд хэцүү сонголттой тулгараад буйг Зеленский мэдэгдлээ

ФОТО: Ардчилан Намын ҮБХ хуралдаж, үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө батлав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн