ФОТО: Ардчилан Намын ҮБХ хуралдаж, үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө батлав

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар  хуралдаан өчигдөр /2025.11.21/ Төрийн ордонд боллоо.

Хуралдааныг нээж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал үг хэлэхдээ “Ардчилсан нам дараалсан, давхар ялалтыг байгуулж үр дүнд нь Монголын ард түмэн ялах сайн цаг ирнэ. Энэ цагийг наашлуулж эх орондоо иргэний, ардчилсан, чинээлэг нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа түүчээлцгээе” гэдгийг онцлов.

Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн зарим заалтыг хуульд нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ. Тодруулбал, Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Намын батлагдсан хөтөлбөр, дүрмийг бүртгүүлэхээр 384 хуудас материалыг есдүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Тус дүрмийн шинэчилсэн найруулгыг аравдугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд дүрмийн нийт 1,339 заалтаас 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ. Уг 12 заалт нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн 0.9 хувьтай тэнцэх тул холбогдох өөрчлөлтийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн нь энэ юм.

Ташрамд дурдахад, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өнгөрөгч онд өөрчлөлт оруулснаар намууд он дуусахаас өмнө буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.

Мөн энэ өдөр Ардчилсан намын дээд шагнал болох “Их Эзэн Чингис хаан” одонгоор Норовын Алтанхуяг, Цэндийн Хүрэлбаатар, Сандагийн Сумъяабазар нарыг шагнажээ. 

Монгол бахархлын өдөр, Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн богино хэмжээний видео контентын уралдааныг зарласан. Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд мөн шагналыг нь гардуулжээ. 

More From Author

Өмнөд Солонгосын цагдаа аяллын хөлөг хад мөргөх үед өөр зүйлд анхаарч байсан далайчдыг баривчлах хүсэлт гаргажээ

Их Британийн улс төрч мөнгөөр Оросын эрх баригчдын бодлогыг хамгаалсныхаа төлөө 10 жилийн хорих ял сонслоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн