Оросын талыг баримталсан байр суурийг Европын Парламентад илэрхийлснийхээ төлөө авлига авсан хэргээр Их Британийн хэт барууны үзэлтэй улс төрч өчигдөр шүүхээс ял сонсжээ.
Одоо 52 настай Натан Гилл нь 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны долдугаар сарын хооронд нийт найман удаа ийм зүйл хийснийхээ хариуд нийт 40,000 фунт стерлинг ($53,000) авснаа шүүхийн өмнө хүлээсэн юм байна.
Баасан гарагт шүүх түүнд 10.5 жил шоронд хорих ял оноожээ.
Гилл бол Их Британи улс 2020 оны эхээр Европын Холбооноос гарах хүртэл Европын Парламентад эх орноо төлөөлөн сууж байсан улс төрч юм.
Энэ үедээ тэр Оросын талыг баримталдаг Украины улс төрч Олег Волошиноос мөнгө авч, Украинд явуулж буй Москвагийн эрх баригчдын бодлогыг дэмжсэн байр сууриа Евро парламентад илэрхийлдэг байжээ.
“Олд Бэйли” гэгддэг Лондоны Эрүүгийн Хэргийн Төв Шүүхэд болсон хурлын үеэр шүүгч Бобби Чима-Грабб сонгуульт албан тушаалтныхаа хувьд Гилл нь “үнэнч шударга, итгэл үнэмшилтэй ажиллах ёстой” байсан ч “ёс суртахууныхаа чиг баримжааг алдсан” гэж буруутгасан байна.
Гиллийг 2021 оны есдүгээр сард ОХУ руу нисэх гэж байхад нь Манчестерын нисэх буудалд саатуулж байжээ.
Түүний гар утаснаас төлбөр тооцооны талаар Волошинтой харьцсан мессэжүүд олдсон юм байна.
Энэ үеэр бас Европын парламент дахь Их Британи болон Нидерландын өөр улс төрчдийн талаар баримт олдож байжээ.
Гилл 2014 онд Европын Холбооны эсрэг үзэлтэй UK Independence намаас Европын парламентад сонгогдож байсан юм. Сүүлд тэр “Brexit” намыг төлөөлөх болсон байна.
Их Британийг Европын Холбооноос гарсны дараа Brexit нам нь Reform UK нэртэй болон өөрчлөгджээ.
Гилл 2021 оны парламентын сонгуульд уг намын Уэльсийн салбарыг удирдан оролцож байжээ. Одоо тэр энэ намын гишүүн байхаа больсон юм.
Reform UK намын удирдлага Гиллийн үйлдлийг “уучилж болшгүй, эх орноосоо урвасан хэрэг” гэж мэдэгдээд зохих шийтгэлийг оноосонд баяртай байгаагаа мэдэгджээ.
Их Британи, Украины хуулийн байгууллагуудын эрэн сурвалжилж буй Волошин одоо ОХУ-д амьдардаг гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: Associated Press