Япон улс ирэх оны санхүүгийн жилээс эхлэн гадаадын иргэдээс авдаг визийн хураамжаа мэдэгдэхүйц нэмэгдүүлж, олсон нэмэлт орлогыг цагаачлалын бодлогоо сайжруулахад ашиглах гэж байгааг албаны эх сурвалжууд Пүрэв гарагт мэдээлжээ.
Энэ мэдээлэл нь Японд оршин суудаг гадаад иргэдийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч, саяхан байгуулагдсан шинэ засгийн газар цагаачлалын хатуу бодлого баримтлахаа зарласан цаг үетэй давхцан гарч байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр визийн статусаа өөрчлөх болон нэг жил болон түүнээс дээш хугацаагаар виз сунгах зардал одоогийн 6,000 иенээс 40,000 иен ($250) болон нэмэгдэх гэнэ.
Мөн байнга оршин суух визийн хураамж 10,000 иенээс хамгийн багадаа 100,000 иен болон өсөх магадлалтай болжээ.
Засгийн газар визийн хураамжийг өсгөх саналаа ирэх оны парламентын ээлжит чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Өрнөдийн орнуудын визийн хураамжийн түвшинд ойртуулж, тэгшитгэх зорилготой гэж үндэслэлээ тайлбарлаж байгаа юм байна.
Японы Цагаачлалын Алба өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляцтай холбогдуулан визийн статус өөрчлөх, шинэчлэх хураамжийг 4,000 иенээс 6,000 иен, байнга оршин суух визийн хураамжийг 8,000 иенээс 10,000 иен болгон өсгөж байжээ.
Энэ оны зургаадугаар сарын сүүлчийн байдлаар Япон улсад оршин сууж буй гадаад иргэдийн тоо 3,956,619 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болсон байна.
Эх сурвалж: Mainichi