Энэ сарын нэгний өдөр Мексик улсын баруун төв бүсийн Уруапан хотын дарга Карлос Манзо олон нийтийн баярын арга хэмжээнд оролцож байхдаа буудуулж алагдсан билээ.
Манзо нь орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг идэвхтэй тэмцэгч байсан юм.
Баасан гарагт Мичоакан мужийн прокурорын газар уг аллагад оролцсон байж болзошгүй хотын даргын долоон бие хамгаалагчийг баривчилснаа зарлажээ.
Манзогийн амийг өсвөр насны залуу буудаж хороосон юм.
Аллагын дараа ганцаар явсан буутай этгээдийг яагаад хотын даргад ойртох боломж олгосон асуудал хамгийн түрүүнд хөндөгдөж эхэлсэн байна.
Алуурчныг Манзогийн хамгаалагчдын нэг тэр дор нь буудаж хөнөөсөн юм.
Лхагва гарагт Мексикийн эрх баригчид уг аллагыг зохион байгуулах ажилд оролцсон нэг хүнийг баривчилснаа зарлаж байв.
Ингэхдээ энэхүү аллага Мексикийн хүчирхэг картелуудын нэг Халиско Шинэ Үеийнхэнтэй холбоотойг тогтоосноо мэдээлжээ.
Аллагын дараа Манзогийн гэргий тангараг өргөж, нөхрийнхөө албан тушаалыг залгамжилсан юм.
Уруапан хотын төв талбайд одоо болтол иргэд хотынхоо даргын дурсгалыг хүндэтгэн лаа асааж, шударга ёс тогтоохыг эрх баригчдаас шаардаж байна.
Энэхүү аллага Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаумыг хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх стратегиа өөрчлөхөд хүргэсэн юм.
Тэрбээр аллага гарснаас хойш хэдхэн өдрийн дараа “Мичоаканы Төлөвлөгөө” хэмээх гэмт хэрэгтэй тэмцэх томоохон ажиллагааг зарлаж, зэвсэгт хүчний 10,000 цэргийн алба хаагчийг Мичоакан муж руу илгээж байв.
Үүнээс гадна түүний төлөвлөгөөнд тус мужийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлж, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хараа хяналтаас салгах нийгмийн төсөл хөтөлбөрүүд багтжээ.
Эх сурвалж: Associated Press