Томуу, томуу төст өвчний тархалт энэ сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Тодруулбал алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд хоёр аймаг байна.
Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байгаа аж.
Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе буюу арванхоёрдугаар сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь
- Амьсгалын замын синцитиаль вирус
- A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.
ЭМЯ-ны Томуу томуу төст өвчний эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө урьдчилсан байдлаар долдугаар сард төлөвлөгдөж, аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан бөгөөд жил бүрийн Томуу томуу төст өвчний үед хариу арга хэмжээ авах Тохиолдлын удирдлагын баг нь (ТУТ) үе шаттайгаар идэвхжин ажилладаг.
2025 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдөр Ерөнхий сайд Томуугийн нөхцөл байдалтай танилцан, ЭНЭҮТ II, БЗДНЭ-т ажиллахдаа үүрэг чиглэлүүдийг өгсөн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг танилцуулан арга хэмжээг шуурхай авах, Томуу, томуу төст өвчний “Алаг цоог дэгдэлт”-ийн үед шуурхай идэвхжих хариу арга хэмжээний дагуу Тохиолдлын удирдлагын баг яг одоо ЭМЯ-нд хуралдаж арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Энэхүү Тохиолдлын Удирдлагын тогтолцооны хуралд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны ЕБГ-ын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж, сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.
Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байгааг ЭМЯ мэдээллээ.