С.Цэнгүүн: ХХААХҮ-ийн шинэ сайд нь яамаа Улаанбаатар руу нүүлгэнэ гэж байна. Засгийн газрыг ингэж тоглоомтой барьж болдог юм уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох шийдвэр гаргажээ.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилохоор болсон юм. Үүнтэй холбогдуулан шинэ сайд нараас гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр нь Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшиж байна. Анх яамаа нүүлгэхдээ Дарханд байвал энэ салбар хөгжинө гэж итгэл төгс хариулж байсан. Гэтэл шинэ сайд нь Улаанбаатар руу нүүлгэнэ гэж ярьж байна. Засгийн газрыг ингэж тоглоомтой барьж болдог юм уу.

Ж.Энхбаяр сайдын намтраас харахад Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт зөвлөх, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга гээд манай улсын бизнес эрхлэгч нарт хамгийн их хүнд суртал гаргадаг, авлига хээл хахуулиараа алдартай газарт ажиллаж байсан туршлагатай хүн юм байна. Таны хувьд энэ байгууллагын үйл ажиллагааг юу гэж хардаг вэ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд болоод гааль, мэргэжлийн хяналттай холбоотой ямар бодлого баримтлах вэ. Та эрчим хүчний салбарт ямар бодлого баримтлах вэ. Эрчим хүчний салбарыг нэг худалдан авагчийн буюу төрөөс хэт хамааралтай загвараар явуулахыг дэмжих үү. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Монгол Улсын бүс болон орон нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь энэ парламентын гол асуудал. Хүн амын дийлэнх багахан хэмжээний газарт төвлөрч суугаад хөгжлийн бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлдэг.

Хөдөөг хөгжүүлж байж улс орны хөгжлийн бодлого хангагдана. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар үйлдвэр явуулж байгаа орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Үүний үр дүн гарсан. Түгжрэлгүй, асуудлыг багцаар нь уялдаа холбоотой, төрийн албан хаагчид нэг байшинд суугаад үйлдвэр эрхлэгчтэй хамтраад ажиллавал үр дүн гардгийг харуулсан. 

Энэ салбарыг Дархан-Уул аймагт шилжүүлсэн шийдвэрээ зөв гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр та бүхэн Дархан-Уул аймгийн хөгжлийн төлөв байдалтай танилцаж болно. Нэг их наядын эдийн засгийг үйлдвэрлэдэг хот болж хувирсан. 

Зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бус олон яам, тусгай чиг үүргийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос гаргах нь чухал. 

Гааль, мэргэжлийн хяналтын газарт би найман жил ажилласан. Төрийн албыг нэр төртэй гүйцэтгэсэн.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагын хамт Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлнэ гэж УИХ-ын тогтоол батлагдсан. Үүний дагуу Засгийн газрын тэмдэглэлээр чиглэл өгч тодорхой хувь нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. 

Төрийн байгууллагын 10 хувийг орон нутагт шилжүүлнэ гэж үйл ажиллагааны зорилтод батлагдсан байдаг. Ерөнхий сайд томилсны дараа нөхцөл байдалтай танилцаж, уулзалтай зохион байгуулна. Бодлогын залгамж чанар үргэлжилж явах нь зөв.

Гэхдээ ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг судална. Хувийн хэвшил хариуцсан байгууллага Дархан-Уул аймагт үйл ажиллагаа байгаа гэж мэдээлэл авсан. Шийдвэрийг Засгийн газар, УИХ гаргана гэж ойлгох хэрэгтэй. 

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1889784855223407

More From Author

“Өрхийн эмнэлгийн цахим бүртгэлийн системээр дамжуулан дараагийн шатны эмнэлэгт цаг авах боломжтой”

Өнөө шөнө Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр, маргааш Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр цасаар шуурна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн