Анхан шатны буюу өрхийн эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн системийг ашиглалтад оруулжээ. Уг системийг нэвтрүүлснээр иргэд анхан шатны цахим бүртгэлийн системээр дамжуулан дараагийн шатлалын эмнэлгийн эмч, мэргэжлийн үзлэгт цаг авах боломжтой болж байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дараалал эрс багасна гэж холбогдох албаныхан хэлж байв.
Судалгаагаар иргэд дүүрэг, улсын эмнэлэгт үзүүлэх үйлчилгээнийхээ өмнө урьдчилан цаг аваагүйгээс болж дунджаар 1.5–2 цаг орчим оочероо хүлээдэг байна. Тухайн шатлалын байгууллагуудын хооронд мэдээлэл зөрөх хүндрэл гардаг байна. Цахим цаг захиалгын нэгдсэн систем нэвтэрснээр эдгээр бэрхшээл шийдэгдэж, иргэд шуурхай, ил тод, уялдаа холбоотой үйлчилгээ авах боломж бүрджээ.
Системийн давуу тал:
- И-Монголиа системээр дамжуулан захиалсан цагийн мэдээллээ харна.
- Анхан шатны эмнэлгээс цахим сувгаар дамжуулан шууд цаг авах боломжтой.
- Эмнэлэгт очиж оочер хүлээх шаардлагагүй, товлосон цагтаа үзүүлнэ
- Анхан шатнаас эхлэн өвчний түүх нэг мөр хадгалагдаж, лавлагаа шатанд үргэлжлэн ашиглагдана
- Улаанбаатар болон орон нутгийн аль ч эрүүл мэндийн байгууллагад системийн ялгаагүйгээр цаг авах боломжтой
- Үйлчлүүлэгч-эмчийн мэдээлэл хооронд шууд холбогдож, үзлэгийн чанар сайжирна
Эмнэлгийн байгууллагад үзүүлэх давуу тал:
- Цахим бүртгэл ашигласнаар оочер дараалал 30-50% буурах тооцоотой
- Анхан шат – лавлагаа шатлалын мэдээллийн алдагдал буурч, дамжуулга илүү хурдан болно
- ӨЭМТ-өөс нарийн мэргэжлийн эмч рүү чиглүүлэх явц стандартжиж, илүү тодорхой болно
- Эмч нар үйлчлүүлэгчийн өмнөх эмчилгээ, шинжилгээний мэдээллийг давхардалгүйгээр авч,
илүү оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ. - Захиргаа, нягтлан, бүртгэлийн ачаалал буурч, байгууллагын нөөцийн менежмент сайжирна.
Системийг туршилтаар ашигласан гурван сарын хугацаанд:
- Лавлагаа шатны хүлээлгийн хугацаа дунджаар 42% буурсан
- Өвчтөний мэдээлэл зөрсөн тохиолдол 50% буурсан
- Анхан шатны эмнэлгээс лавлагаа шат руу дамжуулсан цаг захиалга 2.8 дахин өссөн
- Иргэдийн цахим ашиглалтын түвшин өсөж, тасалдсан үзлэгийн хувь буурчээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.