Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал тус албан тушаалд С.Наранцогтыг нэр дэвшүүлж буйгаа өнгөрөгч Даваа гарагт бүлгийн хуралдаа танилцуулсан. С.Наранцогт нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.
УИХ-аас томилогддог албан тушаалтантай хийх нэр дэвшигчийн сонсголыг Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд товлосон байна.
Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах бөгөөд нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж дараах хаягаар илгээх боломжтой юм байна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-329 тоот өрөө, /Лавлах утас: 261541, 99175774/
Цахим шуудангийн хаяг: uugantsetseg@parliament.mn