ИНФОГРАФИК: Засгийн газар ирэх онд ₮9.1 их наядыг нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмжид зарцуулна

2026 онд манай улсын нэгдсэн төсөв 32.9 их наяд төгрөгийн зарлагатай байхаар УИХ-аар эцэслэн баталсан билээ.

Үүний 70 хувь буюу 24.9 их наяд төгрөгийг Урсгал зардал эзэлж байгаа юм. Урсгал зардлын 9.1 их наяд төгрөг нь нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Тэгвэл энэхүү нийтлэлээр 2026 онд манай улс нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжид хэдэн төгрөг зарцуулах талаар мэдээлэл хүргэж байна. 

Мөн өнгөрсөн жилүүдэд хэр их мөнгийг хэдэн хүнд зарцуулсан мэдээллийг хүргэе.


Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр: Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа 19 нас хүртэл /-ийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын сангаас мөнгө авдаг иргэдийн тоо нэмэгдэж буйг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллээс харж болно. Тухайлбал 2020 оны байдлаар өндөр насны тэтгэвэр авдаг 332 мянган хүн байсан бол 2024 онд 414 мянга болж нэмэгджээ. 

Харин цэргийн тэтгэврийг 2016 онд 15.3 мянган хүн авдаг байсан бол 2024 оны байдлаар 22.7 мянган хүн авч байна. 

Түүнчлэн 2024 оны байдлаар 6.5 их наяд төгрөгийн төсөвтэй нийгмийн даатгалын сангаас ахмад настны, цэргийн, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 531,756 иргэн авч байна. 2024 онд ахмад настны тэтгэвэрт манай улс 3.7 их наяд төгрөг зарцуулсан бол цэргийн тэтгэвэр 358 тэрбум төгрөг өгч байсан юм.

Харин 2016 онд ахмад настны тэтгэвэрт 973.8 тэрбум төгрөг өгч байсан бол цэргийн тэтгэвэрт 93 тэрбум төгрөг зарцуулдаг байжээ.

Нийгмийн даатгалын тэтгэмж: Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Нийгмийн даатгалын төлдөг, төлж байсан хүмүүс дээрх шалтгаанаар уг сангаас мөнгө авах боломжтой байдаг.

2024 оны байдлаар хөдөлмөрийн чадвараа алдсаны, Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, Оршуулгын тэтгэмж, Ажилгүйдлийн тэтгэмж, ҮОМШӨ-ний улмаас сувиллын үйлчилгээнд хамрагдсан тэтгэмж тогтоолгосон 252,789 иргэн байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмжид 136.2 тэрбум төгрөг, жирэмсэн болон амаржсаны тэтгэмжид 187.8 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргаж байжээ.

1. 2026 онд өндөр настны тэтгэвэрт ₮4.8 их наяд, Цэргийн тэтгэвэрт ₮441.7 тэрбум зарцуулна

Манай улс ирэх жил нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжид 6.5 их наяд төгрөг зарцуулах бол нийгмийн халамжид 2.6 их наяд төгрөг өгөхөөр баталсан юм.

Сар бүр таны гарт ирэх цалингаас 11.5 хувь, ажил олгогчоос 12.5 хувиар гэж давхар тооцож Нийгмийн Даатгалын шимтгэл (НДШ) авч байгаа. Төр уг мөнгийг нийгмийн даатгалын санд цуглуулдаг бөгөөд тус сан ирэх онд 6.7 их наяд төгрөгийн орлоготой байх юм. Тухайлбал ажил олгогч нар энэ санд ирэх жил 3.2 их наяд төгрөг өгөх бол ажилчид 2.5 их наяд төгрөгийг цалингаасаа суутгуулна. Үлдсэн мөнгийг төрөөс татаас байдлаар бүрдүүлнэ.

Нийгмийн даатгалын санд төвлөрч буй мөнгө жил бүр нэмэгдэхийн хэрээр зарцуулалт болон хамрагддаг хүмүүсийн тоо ч дагаад өсөж байгаа юм. Гэвч аж ахуйн нэгжээс цуглуулдаг 5.7 их наяд төгрөг 11 төрлийн тэтгэвэр тэтгэмжид хүрдэггүй бөгөөд ахмадын тэтгэвэр тавихад улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгөхөөр УИХ-аар эцэслэн баталсан байна. 

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 830 мянган иргэн манай улсад байна. Ирэх онд Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжид зориулж 6.6 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Тухайлбал

  • Өндөр настны тэтгэвэрт 4.8 их наяд төгрөг
  • Цэргийн тэтгэвэрт 441.7 тэрбум төгрөг
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрт 501.6 тэрбум төгрөг
  • Ажилгүйдлийн тэтгэмжид 189.9 тэрбум төгрөг
  • Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд 33.2 тэрбум төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлд 13.7 тэрбум төгрөг
  • Жирэмсэн, амаржсан эхийн тэтгэмжид 217.8 тэрбум төгрөг зарцуулах аж. 

2. Хүүхдийн мөнгө, насны хишигт хэдэн төгрөг зарцуулах вэ?

Нийгмийн халамжийн хуулийн дагуу халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүнд тэтгэвэрт ,нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг нийгмийн халамж гэнэ.

Нийгмийн даатгалын сангаас гадуур улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг 20 төрлийн нийгмийн халамж байдаг.

Засгийн газар нийгмийн халамжид зориулж 2026 онд 2.6 их наяд төгрөг зарцуулахаар болсон байна. Үүнд:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.5 их наяд, 
  • Эхийн алдар одонтой эхчүүдэд 67.6 тэрбум,
  • асаргааны тэтгэмжид 279.2 тэрбум,
  • насны хишигт 22.8 тэрбум,
  • 0-3 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжид 107 тэрбум төгрөг
  • халамжийн тэтгэвэрт 290 тэрбум,
  • амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжид 99.8 тэрбум төгрөг, 
  • Жирэмсэн болон хөхүүл эхийн тэтгэмжид 9.7 тэрбум төгрөг
  • Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэлд 38.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байгаа юм.

Нийгмийн халамжид хамрагдсан иргэдийн тоо 2016 оноос хойш 1.7 саяар нэмэгдэв…

2024 оны байдлаар 20 төрлийн нийгмийн халамжид 2.7 сая хүн хамрагдаж байгаа бөгөөд энэ нь 2020 оноос хойш 300 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. 2016 онд нийгмийн халамжид ердөө 1 сая хүн хамрагддаг байжээ.

Нийгмийн халамжийн мөнгөн дүнгийн дийлэнх хувийг 0-18 насны иргэнд сар бүр өгдөг 100,000 төгрөг эзэлж байна. 2024 оны байдлаар 0-18 насны 1.3 сая иргэн сар бүр 100,000 төгрөг авч буй аж.

Түүнчлэн өнгөрсөн жилээс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлж эхэлсэн. 2026 онд малчдын НДШ-ийг төлөхөд татвар төлөгчдөөс 33.2 тэрбум төгрөг гаргах аж. 2021 онд нийгмийн халамжид зориулж 1.9 их наяд төгрөг зарцуулсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж өссөн байгаа юм.

More From Author

Төв цэнгэлдэх хүрээлэнд Өвлийн идэш өргөтгөсөн худалдаа нээгджээ

Монгол Улс болон ЕАЭЗХ-той худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн