Оросын цөмийн шинэ пуужин жилийн дотор хоёр дахь удаагаа туршилтын үеэр дэлбэрчээ

Баасан гарагийн үдээс хойш Оренбург мужийн Ясный хотын ойролцоох стратегийн пуужингийн баазад хүчтэй дэлбэрэлт болсныг зэвсгийн мэргэжилтнүүд Оросын шинээр зохион бүтээж буй Сармат цөмийн пуужингийн туршилтын үр дүн гэж үзэж байна.

Гэрчүүдийн буулгасан дүрс бичлэгээс үзвэл газраас хөөрсөн пуужин задарч, шатаж эхэлсний дараа буцаж унахдаа мөөг хэлбэрийн үүл үүсгэн дэлбэрчээ.

НҮБ-ын дэргэдэх Зэвсэг Хураах Судалгааны Хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Павел Подвиг үүний бүх шинж тэмдэг Сармат пуужин болохыг баталж байгааг мэдээлсэн байна.

Орос улс Зөвлөлтийн үеийн хуучирсан хуурай газраас харвах зориулалттай пуужингуудаа солих зорилгоор 2013 оноос Сарматыг бүтээж эхэлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өмнө нь Сарматыг 2020 оноос зэвсэглэлд нэвтрүүлэх тухай мэдэгдэж байсан ч одоо болтол хэрэгжиж чадаагүй байгаа.

Одоогоос нэг жилийн өмнө уг пуужинг Плесецкийн талбайд туршихад мөн дэлбэрсэн нь газарт аварга том тогоо үүсгэж байжээ.

Францын Стратеги Судлалын Сангийн (FRS) мэргэжилтэн Этиен Маркус энэ удаа Сарматын туршилт бүтэлгүйтсэн гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

Хөөргөсөн газраасаа нэг километрийн зайд унасан пуужин газарт 70 метрийн диаметртэй тогоо үүсгэснийг харуулсан Sentinel 2 хиймэл дагуулын зургийг Маркус үзүүлжээ.

Энэ удаагийн туршилтаар пуужин нь Камчаткийн хойгт орших Кура талбай дахь байг онох ёстой байсан гэнэ. Тухайн өдөр Кура болон Ясный орчимд нислэг үйлдэхгүй байхыг нисгэгчдэд Оросын арми анхааруулсныг зэвсгийн судлаач Дмитрий Корнев баталсан байна.

Тэр бас унасан пуужин Сармат байсан гэдэгтэй санал нэг байгаа аж.

Гэхдээ Корнев одоогоор Оросын армийн зэвсэглэлд байгаа хамгийн хуучны пуужин болох 1980-аад оны Воеводагийн туршилт байхыг үгүйсгээгүй байна.

Учир нь дээрх хоёр пуужин ижил шингэн түлштэй бөгөөд дэлбэрэлтээс үүссэн үүлний шинж чанар үүнийг баталж байгаа гэнэ.

Харин Подвиг үүнийг няцаасан байна. Түүний баталж байгаагаар Воевода пуужин Оросын стратегийн хүчний зэвсэглэлд ердөө 34 ширхэг байдаг бөгөөд хамгийн сүүлд 2013 онд туршиж байжээ.

Тиймээс тэдгээрийн нэгийг турших магадлал маш бага гэж Подвиг үзэж байна.

Ясный баазад бас шинэ Авангард пуужин байрладаг. Гэхдээ уг пуужин “халуун хөөргөлт”-ийн технологитой бөгөөд туршилтын дүрс бичлэг “хүйтэн хөөргөлт”-ийн шинж чанарыг харуулж буй тул биш гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Сарматын бүтэлгүйтэл дунд хугацаанд стратегийн зэвсгээ шинэчлэх Оросын төлөвлөгөөнд ноцтой хохирол учруулж болзошгүйг Маркус тайлбарлаж байна.

“Оросын стратегийн цэнэгт хошуунуудын томоохон хэсэг төвлөрдөг хуучны Р-36M2 (Воевода) пуужинг солих ажил урт хугацаагаар хойшилж магадгүй боллоо” гэж тэр хэлжээ.

Түүний мэдээлснээр Воевода пуужингуудын техникийн засвар үйлчилгээг 2014 он хүртэл Украин улс гүйцэтгэдэг байсан юм байна. Тиймээс энэ пуужинг яаралтай ашиглалтаас гаргах хэрэгцээ байгаа ажээ.

Стокхольмын Олон Улсын Энхийн Судалгааны Хүрээлэнгийн (SIPRI) тоо баримтаас үзвэл одоо ОХУ-ын стратегийн цөмийн зэвсэгт хүчин нийт 333 ширхэг газраас харвах зориулалттай пуужинтай гэнэ.

Тэдгээрийн ихэнх нь (206 ширхэг) тус бүр 250 килотонны дөрвөн ширхэг цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Ярс” пуужин юм байна.

Үүнээс гадна 800 килотонны нэг цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай “Тополь” пуужин 78 ширхэг бий.

Мөн 12 ширхэг “Авангард”, 34 ширхэг “Воевода” байдаг гэнэ.

Үүнээс гадна Орос улс шумбагч хөлгөөс харвах зориулалттай 192 ширхэг “Синева”, “Булава” баллистик пуужингуудтай болохыг SIPRI мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

More From Author

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр морджээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн