УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнгөрсөн Баасан гарагийн /2025.11.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо болжээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох саналыг дэмжье гэдэг томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжсэн байна.

Ийнхүү Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгчээ.

Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан аж. Түүнчлэн 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байв.

More From Author

Австралийн түүхэнд анх удаа ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байгаа хүн хуримлав

Оросын цөмийн шинэ пуужин жилийн дотор хоёр дахь удаагаа туршилтын үеэр дэлбэрчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн