Австралийн түүхэнд анх удаа ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байгаа хүн хуримлав

Өчигдөр буюу Бямба гарагийн орой Австрали улсын ерөнхий сайд Энтони Албаниз өөрийн найз бүсгүй Жоди Хэйдонтой хуримлажээ.

Энэ нь тус улсын түүхэнд ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа хуримаа хийсэн анхны тохиолдол болсон байна.

Тэд парламентын ээлжит чуулган завсарласны маргааш нийслэл Канберра хотод гэрлэжээ.

“Бид ирээдүйн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх хайр, амлалтыг гэр бүл, хамгийн дотны найз нөхөдтэйгөө хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна” гэж Албаниз товч мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

зураг
 

Хос хоёр өнгөрсөн Гэгээн Валентины өдөр сүй тавьж байжээ. Ингэснээр Албаниз бас албан тушаал хашиж байхдаа сүй тавьсан анхны ерөнхий сайд болон Австралийн түүхэнд бичигдсэн юм.

Ерөнхий сайд гэнэтийн саад, аюулгүй байдал зэргээс шалтгаалан хуримын өдрөө өчигдрийг хүртэл нууцалж байжээ.

Хуримд сүйт бүсгүйн эцэг эх, Албанизийн өмнөх гэрлэлтээс төрсөн хүү Натан нар оролцсон байна.

Хос хоёр Стиви Уондерын “Signed, Sealed, Delivered (I’m Yours)” дууны аянд алхахад Албанизийн нохой Тото хуримын бөгж зөөгчийн үүрэг гүйцэтгэжээ.

Хуримд бас Албанизийн танхимын хэд хэдэн сайд оролцсон байна.

зураг
 

Хүлээн авалтын эхний бүжгийг Албаниз, Хэйдон нар Фрэнк Синатрагийн “The Way You Look Tonight” дууны аянд хийжээ.

Хос хоёр ирэх долоо хоногийн Даваагаас Баасан гарагт бал сараа Австралид өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

62 настай Албаниз, 47 настай Хэйдон нар анх 2020 онд Мельбурн хотод зохион байгуулагдсан бизнесийн хүлээн авалт дээр танилцаж байжээ. Тухайн үед Албаниз сөрөг хүчний намын удирдагч байсан юм.

Дараа нь Хэйдон 2022, 2025 онуудын сонгуулийн кампанит ажлын үеэр Албанизтай хамт олны өмнө ил гарсан бөгөөд Элизабет хатан хааны оршуулга, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүндэтгэлийн зоог зэрэг хэд хэдэн том арга хэмжээнд хамт оролцож байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Оросын армид хөлсний цэрэг илгээсэн гэгдэж буй Өмнөд Африкийн ерөнхийлөгч асны охин парламентын суудлаасаа огцров

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн