Оросын армид хөлсний цэрэг илгээсэн гэгдэж буй Өмнөд Африкийн ерөнхийлөгч асны охин парламентын суудлаасаа огцров

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) ерөнхийлөгч асан Жэйкоб Зумагийн охин Украины дайнд Оросын талд тулалдах хөлсний цэрэг элсүүлэх ажилд оролцсон дуулианы улмаас парламентын гишүүний суудлаасаа татгалзсаныг түүний харьяалагддаг улс төрийн нам Баасан гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын цагдаагийн албаныхан аавынхаа удирддаг MK (Умхонто ве Сизве) намаас парламентад сонгогдсон Дудузиле Зума-Самбудаг хуурамч ажлын зараар урхидан 17 эрэгтэйг Оросын армид элсүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг зарлаж байв.

Ийм замаар Украины эзлэгдсэн Донбасын бүс нутагт очсон дээрх иргэд буцааж авах хүсэлт ирүүлснийг энэ сарын эхээр ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлж байжээ.

“Нөхөр Дудузиле Зума-Самбуда нь Үндэсний Ассамблейн гишүүн болон олон нийтийн бусад бүх ажил үүргээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Бидний мэдэж байгаагаар энэ шийдвэр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнтэй ямар ч холбоогүй. Манай нам эдгээр залуусын амьдралыг эрсдэлд оруулсан Орос-Украины дайнтай ямар ч холбоогүй” гэж MK намын дарга Никосинати Нхлеко өчигдөр Дурбан хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч асны өөр эхнэрээс төрсөн нэг охин Зума-Самбудагийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, шалгуулах хүсэлт гаргасан гэгдэж байгаа.

ӨАБНУ-ын иргэдийн амь насыг эрсдэлд оруулж, гадаад улсын дайнд оролцуулсан ноцтой үйлдэл гэсэн үндэслэлээр Зума-Самбудагийн хэргийг тусгай мөрдөн байцаах тасагт шилжүүлснээ цагдаагийн байгууллага өмнө нь зарласан юм.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 2009-2018 онуудад ӨАБНУ-ын ерөнхийлөгч байсан Жэйкоб Зумагийн толгойлдог сөрөг хүчний нам аюулаас хамгаалах дадлага сургалтад хамруулах нэрээр дээрх иргэдийг ОХУ руу илгээсэн гэнэ.

2022 онд эхэлсэн Украины дайны турш Оросын арми Африкийн хэд хэдэн улсаас хөлсний цэрэг элсүүлсэн гэх баримт бий.

Зума-Самбуда нь 2021 онд 350 гаруй хүний аминд хүрсэн үймээн самууныг өдөөн хатгасан гэх өөр нэг хэрэгт буруутгагдаж байжээ.

Түүний эцэг Жэйкоб Зума бүрэн эрхийнхээ хугацаанд авлига авч, танил талаа төрийн өндөр албан тушаалд томилсон зэрэг хэрэгт буруутгагдаж, шүүхээс 15 сарын хорих ял сонсож байсан юм.

Тэрбээр хоёр сар хоригдсоныхоо дараа эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан бөгөөд сүүлд одоогийн ерөнхийлөгч Сирил Рамафоза ялаас нь чөлөөлж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

More From Author

ФОТО: Physical Asia нэвтрүүлгийн Австралийн багийн оролцогч Доминик Ди Томмасо Монголын паркур сонирхогчидтой бэлтгэл хийв

Австралийн түүхэнд анх удаа ерөнхий сайдын албан тушаалд ажиллаж байгаа хүн хуримлав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн