Т.Батцогт: Ирэх онд Туулын хурдны замд 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг өнөөдөр болж, төлөөлөгчид хэлэлцэж байгаа асуудлын талаар мэдээлэл өгөв.

Нийслэлийн төсвийн төслийн талаар НЗД-ын нэгдүгээр орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай: Ирэх оны нийслэлийн төсвийг боловсруулахдаа үндсэн таван чиглэлийг баримталсан. Тухайлбал төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг тусгасан. Хуулийн дагуу энэ онд Улаанбаатар хот ДЦС-5, Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан. Одоо гуравдугаар шатанд Хүннү хотын өөрийн эх үүсвэртэй 90МВТ-ын хуримтлуурын станц, трамвай, UG Arena төсөл байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн нэг болон хоёрдугаар шатны урьдчилсан судалгаанд 15 төсөл байна.

2026 онд Хүннү хотыг дагасан олон улсын транзит зочид буудал, Улаанбаатар хотод ирж байгаа тамирчдыг хүлээж авах олон улсын зочид буудлыг Спорт цогцолборт хэрэгжүүлэх нийгмийн төслүүдийг төр8 хувийн хэвшлийн түншлэлээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн. 30 жил хүртэлх хугацаанд хувийн компаниуд эдгээрийг барилгыг барьж, ашиглаад төрд шилжүүлэх, хоёр удаа 10 жилээр сунгах боломжтой. Төрийн зүгээс газар, дэд бүтцийг шийдэх, зарим төрлийн татаасыг хөнгөлөх байдлаар дэмжинэ. ТЭЗҮ бүрэн шинжилгээ дуусаж, тендер зарлаад шалгарсан этгээдтэй гэрээг тохирдог.

2026 онд зургаан шинэ сургууль, цэцэрлэгийг барих бол он дамжиж байгаа сургууль, цэцэрлэг, спортын 45 барилгыг үргэлжлүүлнэ. Нийгэм, боловсрол, соёлын салбарт он дамжиж 44 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилнэ. 12 тэрбум төгрөгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авна.

Улсын төсвийн мэдэгдлийн хүрээнд үнийн өсөлтийг 7% гэж тусгасны дагуу эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг нийслэлийн төсвийн төсөлд тусгасан.

Багануурын махны үйлдвэрийг татан буулгаж, “Туулын хурдны зам” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулна. Шинэ Улаанбаатар уриатай бүтээн байгуулалтын он жилүүд эхэлнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийтийн тээврийн газрыг төрийн оролцоо бага, хувийн хэвшлийн бизнесийн зарчмаар явуулах бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

2026 онд газар чөлөөлөлт нэгдүгээрт тусгагдаж байгаа. 20,000 нэгж талбар, Сэлбэ, Баянхошуу дэд төв, Тойрог, хурдны замын 6,000 нэгж талбарыг чөлөөлнө.

Долоон байршилд тендер зарлаж, орон сууц барихаар төлөвлөсөн.

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин: 2026 оны суурь орлогыг 3.6 их наяд, суурь зарлагыг 2.4 их наяд төгрөг байхаар төлөвлөж, үүнээс 263 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна. Нийслэлийн төсвийн дийлэнхийг бүтээн байгуулалт, дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Нийслэлийн төсвийн тодорхой хувийг хүний хөгжил, хүүхэд гэр бүлийн салбарыг орхигдуулж болохгүйг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон байгаа. Туулын хурдны зам, метро барих, гэр хорооллыг орон сууцжуулах бол газраа, нийслэл өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ-ийг санхүүжүүлээд бэлдсэн байх ёстой. Үүний дараа олон улс буюу гаднаас санхүүжилт авч, тодорхой хугацаанд тухайн байгууллага ашиглаж орлого олох зарчмаар бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн болон улсын төсөв хязгаарлагдмал байгаа. Энэ жилийн нийслэлийн нийт төсөв 4.2 их наяд төгрөг. Үүнээс 1.6 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт бол 2.3 их наяд төгрөгийг урсгал зардал гэж тооцсон байна.

 Үнэт цааснаас босгосон хөрөнгүүд тусдаа. Зөвхөн 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын 780 тэрбум төгрөгийг Туулын хурдны зам төсөлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Бусад хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, тохижилт, хэрэгцээтэй тоног төхөөрөмж авахаар хуваасан байна.

2025 онд Туулын хурдны зам төсөлд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан бол ирэх онд 780 тэрбум болж нэмэгдсэн. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой зам тул хөрөнгө оруулалтын төсвийн ихэнх хувийг зарцуулна.

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Ирэх онд Агаарын орчны бохирдолтой тэмцэх газарт 58 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нүүрс борлуулалтын цэгт ажиллаж байгаа иргэдийн цалин, түлшний агуулах, дотоод тээвэр зэрэгт зарцуулна.

Хөрөнгө оруулалтын буюу газтай холбох, газар чөлөөлөлт, орон сууцжуулах төсөв салбар салбарт тусгагдсан.

Харин гэр хорооллын айл өрхийн гэр, байшингийн дулаалгад төсөв хуваарилаагүй. Энэ жил 5,000 айлыг дулаалж, газтай холбосны дараа эдийн засгийн үр ашгийг судалж байж шийдэх юм.

Хагас коксон түлшний зардлыг нийслэлийн төсөвт тусгадаггүй, Эрдэнэс Монгол компанийн төсөвт буюу улсын төсөвт тусгагддаг.

Өмнө нь Эрдэнэс Монгол компаниас миддлингийн шахмал түлшинд 600-700 тэрбум төгрөгийг авч, үйлдвэрт ажиллаж байсан 3,000 гаруй хүний цалин, барьцалдуулагч, тээврийн зардалд зарцуулдаг байсан. Одоо 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксон түлшийг Хятад улсаас авч байгаа.

Нийслэл хотод дараа жил хагас коксон түлшийг хэрэглэнэ. Хагас коксон түлшний үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэнэс Монгол компани боловсрууж байгаа бөгөөд 95 гаруй хувьд хүрсэн. ТЭЗҮ-ийг дууссаны дараа Засгийн газраас үйлдвэрийг нийслэл хариуцах уу Эрдэнэс Монгол компани хариуцах уу гэдэг шийдвэрийг гаргана. 

Хэрэв нийслэл хариуцвал хагас коксон түлшний үйлдвэрийг 18 сарын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой нь судалгаагаар тогтоогдсон.

More From Author

Тамаваши Б.Мөнх-Оргилын амжилтыг Гиннесийн номд бүртгэв

Гашуунсухайт боомтод гарсан ослын улмаас гаалийн байгууллагын нэг ажилтан нас барж, хоёр ажилтан хүнд гэмтжээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн