Нийслэлийн харьяа байгууллагуудын төсвийн мөнгөөр хийдэг аппликэйшний ашиглалтыг шалгахаар болжээ

Нийслэлтэй хамааралтай аппликэйшны тоо замаа алджээ. Бараг байгууллага бүр дотооддоо болон иргэдэд чиглэсэн ашиглалт багатай аппликэйшн хийгээд хөгжүүлэлт хийхгүй орхидог байна. Эдгээр аппликэйшны хийх зардлыг төсвийн мөнгөнөөс гаргадаг бөгөөд аппликэйшны дата мэдээлэл нь нэг системд төвлөрдөггүй, ямар ч үр дүнгүй салангид системүүд учраас шалгалт оруулж, давхцалыг нь арилган шаардлагагүйг нь системээс гаргахаар болжээ.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид, хариуцагч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл технологийн салбарын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Уулзалтын эхэнд хиймэл оюун ухаан, түүний хэрэглээний талаар “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал “2023 онд ChatGPT гарснаас хойш дэлхийн талаас илүү буюу 5 тэрбум хүн ашиглаж байгаа. Дэлхийн дахинд бүх компани AI ашиглаж эхэлсэн бөгөөд энэ салбарт улс орнууд уралдаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудад хиймэл оюун ухаан ашигласнаар урт хугацаандаа хэмнэлт гарна. Хиймэл оюун ухааныг баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдол, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалтад ашиглах ашиглах боломжтой” гэж танилцуулав.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн удирдлагын баг төр, захиргааны байгууллагуудын программ хангамж, мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргахыг зорьж байна.

Цаашид нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. НЗДТГ-ын 2026 оны төлөвлөгөөнд уг ажлыг тусгаж, шаардлагатай төсвийг төсөвт суулгана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл технологийн салбарт бодлогын баримт бичигтэй болж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж эхэлнэ. Ингэснээр нэг шат ахиж, Улаанбаатар хотын дата мэдээллийг нэг дор нэгтгэх боломжтой болно” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр “Халтиргаа гулгаанд давс хэрэглэхээ больж, нисэх онгоцны буудлын нисэж, буух зурвас дээр цацдаг бодисыг хэрэглэж эхэлсэн. Хүний гутал, автомашины дугуйд сөрөг нөлөөгүй, хүйтэнд хайлах чадвар өндөртэй” гэдгийг мэдэгдэв.

More From Author

Хакүхо М.Даваажаргал сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнийг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулна

Шинэ орон сууцны захиалгын гэрээний алданги тооцохгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн