“Өвлийн дизель түлш орон нутагт түгээхэд техникийн байдлаас шалтгаалж удааширсан. Энэ долоо хоногт бүрэн шийднэ”

Шатахуун нийслэлд ховордсон, орон нутагт дизель түлш олдохгүй байна гэх мэдээлэл дахин гараад буй. 

Энэ талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр өвлийн дизель түлшинд шилжиж буй энэ үед техникийн нөхцөл байдлаас шалтгаалж орон нутагт хүргэх боломж тааруу байгаа болон томоохон уул уурхайн компаниуд өвлийн дизель түлш нөөцөлж байгаа нь ийм нөхцөл байдал үүсгэхэд голлон нөлөөж буйг дурдлаа. Мөн олон нийтийн сүлжээнд санаатай болон санамсаргүйгээр иргэдэд ташаа мэдээлэл тарааж байгааг ч хэлж байв.

“Өдөр тутам автобензин 2,400-2,500 тонн, дизель түлш 4,000-5,000 тонн орж ирж байгаа”

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “Монгол Улс арваннэгдүгээр сард 75,000 тонн АИ-92 автобензин импортолсны 68,000 тонн нь Оросын Холбооны Улс(ОХУ)-аас, 125,000 тонн дизель түлшээр импортоор авсны 110,000 тонн гаруй нь ОХУ-аас импортолсон байна.

Ирэх сард ОХУ-аас 70,000 гаруй тонн гаруй АИ-92 автобензин, 120,000 гаруй тонн дизель түлш авахаар захиалгаа баталгаажуулсан.

Өдөр тутам автобензин 2,400-2,500 тонн, дизель түлш 4,000-5,000 тонн орж ирж байгаа. Нийлүүлэлт асуудалгүй байгаа. Гэвч энэ Даваа гарагаас оочер дараалал нэмэгдлээ. Энэ нь иргэдийн айдас болгоомжлол, санаатай эсвэл санамсаргүй гэдгийг нь тодорхой мэдэхгүй ч олон нийтийн сүлжээнд бензин, дизель хаана зарж байна, энд зарж байна уу гээд бичээд байдаг. Үнэндээ бол нийслэл хотод ихэнх шатахуун түгээх станц зарж байгаа. Ёроолгүй сав биш учраас дуусна, дараагийн хангалт ирмэгц нь зараад эхэлдэг. Шатахуун түгээгч нар бие засах ч завгүй ажиллаж байгаа. 

Зарим Аж Ахуйн Нэгж(ААН) дизель түлш тасалдсанаас ажлаа хийж чадахгүй байна гэсэн асуудал хэлсэн. Жишээлбэл нийслэл цасаа цэвэрлэж чадахгүй байна гэсэн. Бодит байдал тодруулахаар гэрээ байгуулсан ААН нь түлшээ нийлүүлж чадахгүй, бусад компани нь нийлүүлье гэхээр тендер, худалдан авах ажиллагаатай холбоотойгоор тэр байгууллагаасаа л авна гэдэг. Тэгэхээр цаашид чадвартай чадамжтай компаниас бүтээгдэхүүн авахгүй болохоор нийслэлээсээ авхуулаад иргэдэд буруу ойлголт өгч байна. 

Орон нутагт дизель түлш тасалдсан асуудал мөн яригдсан. Өвлийн буюу -35 градустай дизель түлш орж ирж байгаа. Үүнийг орон нутагт түгээх асуудал техникийн байдлаас шалтгаалж удааширсан. Мөн томоохон уул уурхайн компаниуд өвлийн дизельдээ шилжих, нөөцлөх үе давхацсан. Ингэснээр зах зээл дээр бөөний үнэ жижиглэнгийнхээ үнээс давж, өндөр үнэ төлж байгаа уул уурхайн компаниудад нийлүүлэх асуудал бий.

Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн 100 гаруй шатахуун түгээх станцад өвлийн түлш байхгүй гэсэн мэдээлэлтэй байсан. Бид өдөр бүр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар уг тоо 50 гаруй болж буурсан. Гэхдээ энэ долоо хоногт өвлийн түлшээр бүрэн хангана” гэв.

https://www.facebook.com/watch?v=845216234915002

More From Author

Шингэн төлөвт оруулсан их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завджээ

Г.Билгүүн: Энэ онд багтаан цас үлээгч, жижиг шүүр нэмж авна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн