Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу МАН-ын шинэ даргын сонгууль явагдлаа. Тус сонгуулийн дүнг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.
Тэрбээр “Монгол Ардын Намын 31 дүгээр хуралдаанаас намын даргад Н.Учрал, Б.Лхагважав нарыг нэр дэвшүүлэв. 2,086 төлөөлөгчид санал хуудас олгож санал хураав. Саналыг хайрцгийг нээхэд 2,086 хуудас гарснаас хүчингүй долоон хуудас байв.
Н.Учрал 1,974 төлөөлөгчийн санал (94.95 хувь), Б.Лхагважав 105 төлөөлөгчийн санал (5.05 хувь) авлаа.
Тооллогын комиссын санал хураалтын дүнг үндэслэн олонхын санал авсан Н.Учралыг МАН-ын даргаар сонгогдсон тооцлоо” гэв.
Ийнхүү 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид МАН-ын даргаар Н.Учралыг сонгогдсонд тооцож, батламжлав.
Үүний дараа МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар түүнд намын даргын тамгыг гардуулан өглөө.