Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 100 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх захирамжид гарын үсэг зуржээ.
Үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт шахалт түүний засаг захиргааг ийм алхам хийхэд хүргэсэн байна.
Дэлхийн улс орнуудын эсрэг өдөөсөн худалдааны дайн нь Америкчуудын амьжиргаанд нөлөөлөхгүй гэж үздэг байсан Трамп өнгөрсөн долоо хоногт болсон орон нутгийн сонгуульд Бүгд Найрамдах Нам муу үр дүн үзүүлсний дараа л бодлоо өөрчилсөн нь энэ юм.
Трампын засаг захиргаа авсан арга хэмжээгээ эдгээр хүнсний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаатай холбон тайлбарлажээ.
Одоогоор түүний засаг захиргаа дэлхийн бүх улсын импортод 10 хувийн суурь татвар ногдуулж, олон худалдааны түншдээ нэмэлт татвар оноогоод байгаа.
АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд ингэх шаардлагатай гэж Трамп тайлбарладаг.
Нэг үгээр хэлбэл тэр гадаад улс орнууд АНУ-ыг дээрэмдэхийг зогсоож, Америкчууд дотоодын бараа бүтээгдэхүүнээ илүү их авдаг болно гэж үзэж байв.
Гэвч Трампын төсөөлж байсан шиг зүйл болсонгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөж, улс төрийн томоохон асуудал болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп мах боловсруулах үйлдвэрүүд хоорондоо хуйвалдан үнээ өсгөж байж болзошгүй тул шалгахыг уриалж байлаа.
Дараа нь тэр бас импортын татвараас олсон мөнгөнөөс ард иргэддээ хувь хүртээх буюу Америк хүн бүрд нэг удаа $2,000 тараах санаа гаргаж байв.
Гэвч эцэст нь тэр өөрийн санаачилсан импортын татвараас татгалзахаас аргагүйд хүрч байна.
Трампын захирамж арваннэгдүгээр сарын 13-ны Пүрэв гарагийн шөнө дундаас хойш импортлогдсон хүнсний бүтээгдэхүүнүүдэд үйлчлэхийг Цагаан ордноос мэдээлжээ.
Импортын татвараас чөлөөлөгдсөн 100 гаруй хүнсний бүтээгдэхүүнд кофе, какао, хар ба ногоон цай, бүх төрлийн үхрийн мах, махан бүтээгдэхүүн, авокадо, гадил, кокос, нимбэг, жүрж, манго, хан боргоцой зэрэг жимснүүд, халуун ногоо, амтлагчууд, төрөл бүрийн самар, үр тарианы төрлийн бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Эх сурвалж: BBC