Тайваньтай холбоотой маргааны улмаас Хятад улс иргэддээ Японд аялахгүй байхыг уриаллаа

Хятадын засгийн газар Японы ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбогдуулан иргэддээ тус улсад аялахгүй байхыг уриалж, Бээжин дэх Японы элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ.

Өнгөрсөн сард томилогдсон ерөнхий сайд Санаэ Такаичи хэрвээ Хятад улс Тайваньд халдвал Япон улс өөрийн зэвсэгт хүчнээр хамгаалахаа мэдэгдсэн нь уг маргааныг эхлүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Японы парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний хууль тогтоогч Такаичигаас Тайванийг тойрсон ямар нөхцөл байдал Япон улсын оршин тогтнолд аюул занал учруулж болохыг асуужээ.

2015 онд батлагдсан үндэсний аюулгүй байдлын хуулиар аль нэг холбоотон нь зэвсэгт халдлагад өртвөл Япон улс үүнийг өөрийн оршин тогтнолд тулгарсан аюул занал гэж үздэг.

Энэ тохиолдолд Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин уг аюул заналын эсрэг арга хэмжээ авах ёстой.

Тэгвэл Такаичи “Хэрвээ байлдааны хөлгүүд хөдөлж, хүч хэрэглэж эхэлбэл та үүнийг юу гэж бодож байгаагаас үл хамааран оршин тогтнолд тулгарсан аюул занал гэж үзэх болно” гэж мэдэгджээ.

Такаичигийн энэ мэдэгдэлд Хятадын гадаад хэргийн яам тэр дор нь эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Маргааш нь буюу Бямба гарагт Осака хот дахь Хятадын ерөнхий консул Шюэ Жянь сошиал хуудсандаа Такаичигийн хэлсэн үгийн талаар гарсан мэдээг хуваалцахдаа “өөрийн өгөр толгойг таствал таарна” гэсэн тайлбар зүүсэн нь асуудлыг улам хурцатгажээ.

Даваа гарагт Японы засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Минорү Кихара сэтгүүлчидтэй уулзахдаа Шюэгийн бичсэн үг “утга санаа тодорхойгүй” боловч “нэн зохисгүй” зүйл болохыг шүүмжилсэн юм.

Дараа нь Шюэгийн бичсэн зүйлтэй холбогдуулан Японы гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлсэн бол Такаичигийн хэлсэн үгтэй холбогдуулан Хятадын гадаад хэргийн яам бас эсэргүүцэл илэрхийлжээ.

Шюэ сүүлд бичсэн зүйлээ устгасан ч маргаан намжаагүй юм.

Мягмар гарагт Такаичи өмнө хэлсэн зүйлээсээ буцахгүйг мэдэгдээд үүнийг “үе үеийн засгийн газрын уламжлалт байр суурь” гэж тайлбарлажээ.

Пүрэв гарагт Хятадын гадаад хэргийн яам сошиал хуудсандаа япон, англи хэлээр гаргасан мэдэгдэлдээ Япон улсад “галаар тоглохгүй” байхыг анхааруулж, “Тайванийн хоолойн асуудалд хөндлөнгөөс оролцож зүрхэлбэл” үүнийг “түрэмгий үйлдэл” гэж үзэхээ анхааруулсан байна.

Энэ өдөр Хятадын гадаад хэргийн дэд сайд Сүн Вэйдон тус улс дахь Японы элчин сайдыг дуудаж уулзахдаа Такаичигийн хэлсэн үгийг “маш буруу, аюултай” зүйл гээд буцааж татахыг шаарджээ.

Ингээгүй тохиолдолд Япон улс ноцтой үр дагавар амсахыг бас анхааруулсан байна.

Баасан гарагт Японы засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Минорү Кихара “Энэ бол Тайванийг тойрсон асуудлыг энхийн замаар шийдвэрлэх Японы засгийн газрын тууштай байр суурь юм” гэж мэдэгдээд Шюэгийн бичсэн зүйлийн мөрөөр хатуу арга хэмжээ авахыг Хятадын талд уриалжээ.

Тэгвэл Баасан гарагийн орой Токио дахь Хятадын элчин сайдын яам өөрийн иргэдэд “Тайваньтай холбоотой илт өдөөн хатгасан мэдэгдлийн улмаас ойрын үед Япон улсад зорчихгүй байх”-ыг уриалсан байна.

Хоёр улс түүхийнхээ урт хугацааны турш дайсагнасан харилцаатай байсаар ирсэн юм. 1800-аад онуудад гарсан цуврал зэвсэгт мөргөлдөөн, Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Японы цэргийн Хятадад явуулсан харгис үйл ажиллагаа нь үүний үндэс болдог.

Үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн шавь гэдэг утгаараа шинээр томилогдоод удаагүй байгаа ерөнхий сайд Санаэ Такаичи энэ дайсагналыг улам хурцатгаж болзошгүй байна.

Энэ сарын эхээр Өмнөд Солонгост болсон APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо тэр Тайванийн засгийн газрын өндөр албан тушаалтантай уулзаж, уулзалтын гэрэл зургаа сошиал хуудсанд нийтэлж байв.

Хятадын эрх баригчид үүнийг нь “Нэг Хятад” зарчмыг зөрчсөн үйлдэл хэмээн шүүмжилж байлаа.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Үнийн өсөлт Трампыг 100 гаруй хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг цуцлахад хүргэв

Ромын пап Холливүүдийн оддыг Ватиканд хүлээн авч уулзахдаа кино урлагийн ач холбогдлыг өндрөөр үнэлэв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн