Ромын католик сүм хийдийн тэргүүн пап Лео өчигдөр Холливүүдийн тэргүүлэх жүжигчид, найруулагчдыг Ватиканд хүлээн авч уулзахдаа кино урлагийн нийгэмд үзүүлэх сайн нөлөөний талаар ярилцжээ.
Ватиканд зочилсон жүжигчид нь Кэйт Бланшетт, Моника Беллучи, Крис Пайн, Вигго Мортенсен нар байсан бол тэднийг бас Спайк Ли, Гас Ван Сэнт, Сэлли Поттер зэрэг найруулагчид дагалдсан байна.
АНУ-аас сонгогдсон анхны пап болох Лео дэлхий дахинд тодорхойгүй байдал ноёлж, дижитал хэрэглээ хэтэрч буй энэ үед кино театр хүмүүсийн “итгэл найдварын цэг” болж буйг онцолжээ.
Тэрбээр кино театруудын уналтад санаа зовж байгаагаа илэрхийлээд энэ уналтыг зогсоохын тулд хамтран ажиллахыг уран бүтээлчдэд уриалсан байна.
“Кино театруудын тоо түгшүүртэй хэмжээнд хүртэл буурч, олон хот, хорооллоос алга болсоор байна. Олон хүн кино урлаг, кино үзэх соёл аюултай тулгарсныг хэлж байна. Би энэ салбарынхныг бууж өгөлгүй, нийгэм, соёлын үнэ цэнийг нь хадгалахын тулд хамтран ажиллахыг уриалж байна” гэж Лео мэдэгджээ.
Дэлхийн олон оронд кино театруудын орлого Ковидын цар тахлын өмнөх үеийн хэмжээндээ хүрэхгүй байгаа.
Өнгөрсөн зун АНУ, Канадын кино театруудын хувьд цар тахлын үеийг эс тооцвол 1981 оноос хойших хамгийн бага орлоготой зун болжээ.
Энэ жил 130 жилийн ой нь тохиож буй кино урлагийг Лео “Кино бол зүгээр нэг хөдөлгөөнт дүрс биш, энэ бол итгэл найдварын дүрс юм” гэж магтсан байна.
Кино театрын босгыг давах нь хүмүүсийн төсөөллийн хязгаарыг өргөжүүлж, тэр ч байтугай зовлон зүдгүүрээ өөр өнцгөөс харахад хүргэх ач холбогдолтой болохыг тэр хэлжээ.
Ингэхдээ тэр орчин үеийн дижитал соёл хүмүүсийн боломжийг хязгаарлах эрсдэлтэйг бас сануулсан байна.
“Алгоритмын логик нь нэг үр дүнгээ давтах хандлагатай байдаг бол урлаг нь шинэ боломжийг нээдгээрээ давуу талтай” гэж Лео хэлжээ.
Уулзалтын үеэр найруулагч Спайк Ли “Ромын пап Лео 14” гэсэн бичигтэй Нью-Йорк Никс сагсан бөмбөгийн багийн өмсгөлийг түүнд бэлэглэсэн юм.
“Урилга хүлээж авсан нь миний хувьд гэнэтийн зүйл байлаа. Би Ромд олон удаа ирж байсан ч Ватиканд анх удаа ирж, Паптай анх удаа уулзаж байна. Тиймээс энэ бол гайхалтай өдөр байлаа” гэж Ли хэлжээ.
Бямба гарагийн уулзалтын өмнө Ватиканы засаг захиргаа папын үзэх дуртай дөрвөн киноны нэрийг танилцуулсан юм. Эдгээр нь Роберт Уайзын мюзикл “The Sound of Music”, Фрэнк Капрагийн “It’s a Wonderful Life”, Роберт Рэдфордын “Ordinary People”, Роберто Бенинигийн “Life is Beatiful” байв.
Эх сурвалж: Reuters