Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж байна.
Үүнтэй холбогдуулан тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаан дээр МАН-ын өнгөрсөн дөрвөн жил хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэлийг тавилаа. Мөн Засгийн газрын 2030 он хүртэл хэрэгжүүлэх үндсэн бодлогын чиглэлийг Ерөнхий сайд танилцуулсан.
Үдээс хойших хуралдаанаар намын дүрэмд заасны дагуу МАН-ын шинэ даргын сонгууль явагдана. Дараа нь намын үндсэн дүрэмд томоохон өөрчлөлт оруулна. Мөн намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал, Хяналтын байгууллагын төлөөллийг сонгоно. Энэ зорилтыг хоёр өдрийн турш хуралдаж шийдвэрлэнэ.
Үүний дараа 31 дүгээр Их хурлаар байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаан болж намыг удирдах Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нарыг сонгосноор өндөрлөнө.
МАН-ын мөрийн хөтөлбөртөө томоохон өөрчлөлт хийхээр Их хурлаар оруулж байна. Манай нам социал демократ үзлийн үнэт зүйлийг эв нэгдэл, эрх чөлөөт, шударга ёс гэж зарладаг. Энэ дээр Монгол Улсын тусгаар тогтнол бие даасан байдал Монгол Ардын Намын үнэт зүйл болгож зарлана.
Маргаашийн хурал намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаар эхэлнэ. Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулах зорилготой байдаг. Манай намын одоогийн дүрэмд намын дарга ерөнхий сайдаар ажиллана гэсэн дүрэм бий. Энэ Засгийн газар цаашдаа тогтвортой ажиллах учиртай.
Намын даргын асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Шинэ намын дарга гарч ирээд цаашид улс төрийн бодлого үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ гэдгээ Их хурал дээр зарлана” гэв.