Ослын буултын дараа Airbus компани 6,000 орчим онгоцныхоо программ хангамжийг шинэчлэх шаардлагатай болжээ

Нарны хүчтэй цацраг туяа нислэгийн удирдлагад чухал ач холбогдолтой өгөгдлийг эвддэг байж болзошгүй асуудал илэрсний дараа Airbus компани олон мянган агаарын хөлгийнхөө программ хангамжийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Европын аварга үйлдвэрлэгч Airbus дэлхий даяар ашиглагдаж буй нийт онгоцныхоо талыг буюу 6,000 орчмыг энэ шаардлагын улмаас түр газардуулах болсныг зарласан байна.

Энэ үеэр “нислэгийн зарим саатал, тасалдал” гарч болзошгүйг Их Британийн агаарын тээврийн зохицуулалтын газар мэдэгджээ.

Airbus саяхан АНУ-д нисэж байсан A320 загварын онгоцны ослын буултын дараа дээрх техникийн асуудлыг илрүүлсэн юм байна.

Аравдугаар сарын 30-ны өдөр JetBlue Airways компанийн онгоц нислэгийн үеэр гэнэт өндрөө алдсан тул Флоридад ослын буулт гүйцэтгэж байжээ.

Энэ үеэр үүссэн доргилтын улмаас 15 зорчигч гэмтсэн юм байна.

Уг асуудал Airbus компанийн хамгийн түгээмэл загвар болох A320-оос гадна нэг ангиллын A318, A319, A321 загваруудад ч хамаатай ажээ.

Ойролцоогоор 5,100 онгоцны асуудлыг энгийн программын шинэчлэлтээр шийдэх боломжтой гэнэ. Харин үлдсэн хуучин загварын 900 онгоцонд программаас гадна техникийн шинэчлэл шаардлагатай тул нислэгээ хэсэг хугацаанд зогсоох ёстой болж байгаа аж.

Airbus үүний улмаас нислэгүүд тасалдах, саатахыг хүлээн зөвшөөрч, зорчигчдоос уучлал гуйжээ.

Дэлхийн зарим томоохон агаарын тээврийн компаниуд бас дээрх шинэчлэлт үйл ажиллагаанд нь нөлөөлөхийг анхааруулж эхэлсэн байна.

Өндөрт нисэж яваа онгоцны ELAC гэгддэг хяналтын компьютерын ажиллагаанд нарны болон сансрын цацраг туяа нөлөөлдөг болох нь саяын ослын буултын дараа тогтоогджээ.

Уг компьютер нь онгоцыг дээш, доош болон хажуу тийш эргэх үеэр аэродинамикийн системийг хянаж, удирддаг юм байна.

A320 ангиллын онгоцнууд нь “fly by wire” гэж нэрлэгддэг төрөлд багтдаг.

Энэ нь нисгэгчдийн удирдлагын бүхээг болон онгоцыг нисгэдэг үндсэн систем хоёрын хооронд шууд механик холбоос байхгүй, зөвхөн дохио дамжуулах утсаар холбогддог гэсэн үг юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

More From Author

Украины авлигатай тэмцэх албаныхан гэрт нь нэгжлэг явуулсны дараа Зеленскийн шадар зөвлөх албан тушаалаасаа огцорлоо

ФОТО: Physical Asia нэвтрүүлгийн Австралийн багийн оролцогч Доминик Ди Томмасо Монголын паркур сонирхогчидтой бэлтгэл хийв

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн