Украины авлигатай тэмцэх албаныхан гэрт нь нэгжлэг явуулсны дараа өөрийнх нь тамгын газрын дарга Андрей Ермак албан тушаалаасаа огцорсныг ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр зарлажээ.
Дайны турш Зеленскийн хамгийн шадар хүн байсан Ермак ямар нэг хэрэгт шууд буруутгагдаагүй ч сүүлийн үед Украины эрх баригчдыг тойрсон авлигын дуулианы улмаас нэлээд дарамт шахалтад ороод байсан юм.
Зеленский саяхан түүнийг АНУ-ын талтай энхийн төлөвлөгөөг хэлэлцэх багийн ахлагчаар томилж байв.
“Бид өөрсдийгөө, Украиныг, ирээдүйгээ гээд бүгдийг алдах эрсдэлтэй байна” гэж ордныхоо гадаа үг хэлсэн Зеленский ард түмэндээ эв нэгдэлтэй байхыг уриалжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Киевийн эрх баригчдыг тойрсон авлигын дуулиан дэгдсэн нь Зеленскийн байр суурийг сулруулснаас гадна АНУ-тай хийж буй яриа хэлэлцээнд нь нөлөөлж байгаа.
Украин болон түүний Европын холбоотнууд одоо АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг сайжруулахаар шаргуу ажиллаж байгаа юм.
Уг төлөвлөгөөний анхны хувилбар Оросын талд нэлээд буулт хийсэн агуулгатай байсан гэгдэж байна.
Баасан гарагийн өглөө Украины авлигатай тэмцэх албаныхан Киев хот дахь Ермакын амьдардаг орон сууцанд нэгжлэг явуулсан юм.
Энэ үеэр тэр “Миний зүгээс бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа” гэж сошиал хуудсандаа бичиж байв.
“Украины байр суурийг яриа хэлэлцээнд үргэлж шаардлагатай түвшинд танилцуулж байсанд нь би Андрейд талархаж байна. Энэ бол эх оронч байр суурь байсан” гэж хэлсэн Зеленский өнөөдөр буюу Бямба гарагт түүнийг орлох хүнийг олох ажлыг эхлүүлэхээ мэдэгджээ.
“Бүх анхаарал дипломат үйл ажиллагаа, дайнд төвлөрсөн байгаа энэ үед дотоод эв нэгдэл маш чухал. Украиныг алдаа гаргахыг Орос хүсэж байгаа тул бидэнд ингэх эрх байхгүй. Бидний ажил, тэмцэл үргэлжлэх болно. Бидэнд ухрах, өөр хоорондоо хагаралдах эрх байхгүй” гэж Зеленский энэ үеэр хэлсэн байна.
АНУ-ын армийн нарийн бичгийн дарга Дэн Дрискол тэргүүтэй төлөөлөгчид Трампын төлөвлөгөөг хэлэлцэхээр энэ долоо хоногийн сүүлээр Киевт ирэх гэж байгаа.
АНУ-ын төлөөлөгчид бас ирэх долоо хоногт Москваг зорих юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин эзлэгдсэн газар нутгийг бүрэн шилжүүлж өгөх хатуу шаардлагаа Украинд тулгасаар байгаа.
2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны турш Оросын арми Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтдаа аваад байна.
“Зеленскийг ерөнхийлөгч байгаа тохиолдолд хэн ч газар нутгаа алдахыг зөвшөөрөхгүй. Тэр газар нутгаа өгөхгүй” гэж 54 настай Ермак өмнө нь “The Atlantic” сайтад ярьж байв.
Одоогоор Украины авлигатай тэмцэх албаныхан ямар шалтгаанаар Ермакын гэрт ажиллагаа явуулснаа тайлбарлаагүй байна.
Сүүлийн өдрүүдэд тус алба эрчим хүчний салбарт гарсан $100 саяын хөрөнгө завшсан хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн өндөр албан тушаалтныг баривчлаад байгаа.
Тэд төрийн өмчит цөмийн эрчим хүчний компани болох Энергоатом зэрэг төрийн байгууллагуудыг хамарсан хээл хахуулийн сүлжээг илрүүлснээ зарлаж байв.
Оросын агаарын цохилтууд Украины эрчим хүчний дэд бүтцүүдийг чиглэж буй энэ үед ийм дуулиан дэгдсэн нь олон хүний санааг зовоож байна.
Мөн Украин улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх нэг шалгуур нь авлигын үзүүлэлт юм.
Дээрх дуулиантай холбоотойгоор Ермакын нэр хүнд нэлээд унаад байв. Саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаар иргэдийн 70 хувь нь түүнийг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Зеленский, Ермак нар 14 жилийн өмнөөс найзалсан бөгөөд тухайн үед ирээдүйн ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, Ермак түүний өмгөөлөгчөөр ажиллаж байжээ.
2019 онд Зеленскийг ерөнхийлөгчөөр сонгогдоход Ермак тамгын газрын даргаар томилогдож байв.
Эх сурвалж: BBC