Хойд Америкийн Үндэсний Оюутны сагсан бөмбөгийн лиг (NCAA)-д тоглож буй Ш.Энхийн-Одын “South Carolina Gamecocks” баг сүүлийн хоёр тоглолт дараалан ялагдсан цувралдаа цэг тавилаа.
Тэд “Charleston”-ыг талбайдаа хүлээн авч 74:62-оор буулган авснаар улирлын тав дахь хожлоо авчээ.
Ш.Энхийн-Од талбайд хамгийн олон буюу 34 минут тоглохдоо 8 оноо, 8 самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэв. Тэрбээр хамгаалалтад ч багтаа сайн нөлөө үзүүлж, 2 удаа бөмбөг “хулгайлсан” төдийгүй эсрэг багийн 2 шидэлтэд хаалт хийжээ.
Майкийн 7 дамжуулалт энэ улирлын хувьд дээд үзүүлэлт нь. Коллежийн замналдаа 22 тоглолтод тав ба түүнээс дээш оновчтой дамжуулалт өгчээ.
Элижа Стронг нийт авсан 22 онооныхоо 20-ыг нь хоёрдугаар хагаст авч багаа тэргүүлжээ. Коби Нокс 15, Нордин Капич 11 оноо авлаа.
Өмнөд Каролинагийн их сургуулийн баг “Butler” болон “Northwestern”-ий багт дараалан хожигдсон юм.
Тус баг дараагийн тоглолтоо орон нутгийн цагаар арванхоёрдугаар сарын 3-нд “Virginia Tech”-ийг талбайдаа хүлээн авах хуваарьтай.