С.Энх-Ирээдүй: Тэтгэврийн зээлийг 36 сар болгочихвол бидэнд ашигтай ч хүнлэг байх үүднээс 18 сарын хугацаатай өгдөг

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцлээ. 

Уг хуралд Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүд хүрэлцэн ирж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Тэтгэврийн зээлийг хамгийн уртдаа 36 сараар өгчихөд яагаад болдоггүй вэ. Настай хүн үхчихнэ гээд эрсдэлтэй ангилалд оруулдаг юм уу” хэмээн асуув. 

Түүний асуултад Хаан банкны төлөөлөл С.Энх-Ирээдүй “Хадгаламж барьцаалсан зээл авсан өдрөөсөө 72 цагийн дотор зээлийн дүнгийн 75 хувь нь хувь хүний данс руу гүйлгээгээр гардаг. Хэрэв нэгэнт хугацаа хэтэрдэггүй зээлийг 36 сар болгочихвол бидэнд ашигтай. 

Бидэнд энэ зээл яаж зарцуулагддаг вэ гэдэг асар олон судалгаа бий. Тэтгэвэр авагчид хоёр томоохон цикл байдаг. Цагаан сарын өмнө, наадам, намрын улиралд асар их санхүүгийн хэрэгцээ үүсдэг. 

зураг
 

Жишээлбэл тэтгэврийн зээлийн 18 сарыг 36 сар болгочихвол манай дээр байгаа 1.5 их наяд төгрөг 3 их наяд төгрөг болно. Тэр хүмүүс дахин 18 сар зээл авахгүй, нар үзэхгүй болж байгаа юм. Авсан зээлийн 75 хувь нь гурав хоногийн дотор иргэний данс руу гардаг. Тэгэхээр би ээж аав, эмээгээ өнөөдрөөс эхлээд 36 сар нэг ч мөнгө үзүүлэхгүй болно.

Бид хүнлэг байх үүднээс тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай өгөөд байгаа юм. Тэр хүмүүс ядаж цагаан сар, наадмын өмнө мөнгөтэй байгаасай гэж үздэг. Тэтгэврийн мөнгө юунд зарцуулагддаг талаар судалгааны баг гаргаж болно.

Хүмүүнлэг байдлаар шийдэхгүй бол дахиад 36 сар зээлтэй явах гээд байна. Тэгвэл цагаан сараа яаж хийх, намар хичээл оронгуут яах вэ гэдэг асуудал гарна. Тэтгэврийн зээлийн хүүг яръя гэвэл эх үүсвэрийн зардлаас хамаарна” гэв.

“Арилжааны банкнууд тэтгэврийн зээлтэй холбоотой зохицуулалтыг өөрсдөө хийгээд явж байгаа. Төв банк ямар нэгэн хязгаарлалт тавихгүй”

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Бодлогын хүү 12 хувьтай байгаа. Энэ сүүлийн таван жилийн дундажийг харвал харьцангуй өндөр юм. Бодлогын хүү дараагийн жилүүдэд 9 хувь дээр тогтворжих болох уу гэсэн хүлээлт бий. 

Бодлогын хүү нь зах зээлийн суурь эрсдэлийг тооцож, төгрөгийн үнэ цэнийг тогтоож байдаг. Одоогийн 12 хувь дээр арилжааны банкнууд хадгаламжийг 13-14 хувьтайгаар татан төвлөрүүлж байна. Үүн дээр үйл ажиллагааны зардал тооцоод зээл гаргадаг. 

Тэтгэврийн зээлийг бууруулах үндсэн арга бол эх үүсвэртэй холбоотой зардал юм. Арилжааны банкнууд заавал байлгах нөөцтэй холбоотой зохицуулалтуудыг дагаж мөрддөг. Төв банкны зүгээс үүнд уян хатан хандаад явахад нээлттэй. 

Уян хатан хандлаа ч энэ нь суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж явдаг. Урт хугацаанд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, нэг удаагийн чиглэлээр явах боломжтой. Арилжааны банкнууд тэтгэврийн зээлтэй холбоотой зохицуулалтыг өөрсдөө хийгээд явж байгаа. Төв банк ямар нэгэн хязгаарлалт тавихгүй” хэмээн нэмэлт тайлбар өгөв.

More From Author

ЭМЯ: Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс 77.3% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна

Хакүхо М.Даваажаргал сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнийг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн